Нийслэлийн лаборатори 23 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Нийслэлийн лаборатори 23 дугаар дунд сургуулийн 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Хичээлийн өргөтгөлийн байрны нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, баяр хүргэлээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах, 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь ачаалал өндөртэй сургуулиудын барилгыг өргөтгөн шинэчлэх юм. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 23 дугаар сургуулийг өргөтгөн хүүхэд багачууд суралцах таатай нөхцөлөөр хангагдаж байна. Сургуулийн удирдлага, багш нар хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч нийгмийн аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалах, эерэг хандлагатай зөв иргэн төлөвшүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлээрэй” гээд бяцхан сурагчид болон сургуулийн хамт олонд амжилт хүслээ.

1957 онд анх байгуулагдсан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуулийн өргөтгөлд 1 ээс 4 дүгээр ангийн мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд тэдний хөгжлийг хангах, сурагчид гадаад хэлний чадвараа хөгжүүлэх зэрэг олон талын боломж нээгдэж байгааг сургуулийн захирал Ц.Цолмонбаатар онцоллоо.

Хичээлийн өргөтгөлийн байранд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 36 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлээд байна. Бага сургуулийн хичээлийн байрны нээлтэд тус сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.7.212)