ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг 94.5 хувийн саналаар томиллоо. Тэрээр ийнхүү Монгол Улсын Засгийн газарт 7 дахь удаагаа сайдын албан тушаалыг хаших гэж байна. УИХ-ын гишүүн Ч.Улаан их хурлаас томилогдсоныхоо дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ”Тэнд байгаа асуудлыг байнга мэдэрч байдаг. Манай гишүүд тун ажил хэрэгч хандлаа. Ойрын хугацаанд шийдэх ёстой олон чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг арга замыг зааж, үүрэг даалгавар өглөө. Хамгийн гол нь гишүүд маань тэдгээр асуудлыг шийдэхийн тулд хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ нь надад итгэл төрүүллээ. Үндэсний баялгийг үндсэн хуулиар хариуцаж байдаг онцлогтой салбар” гэж хэлсэн юм.
НАМТАР:
Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшин, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдын албыг тус тус хашиж байв. 1996-2000, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин, Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон төдийгүй Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна. 2001 онд Алтангадас одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Шударга журам медалиар тус тус шагнуулсан. 2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч болсон. Англи, орос хэлтэй.