Таны хэтэвчтэй холбоотой 2020 оны онцлох өөрчлөлтүүд
Зарим төрлийн төлбөр, хураамжийн нэмэгдлээс эхлээд шинэ оны эхний өдрөөс эхлэн бидний санхүүтэй холбоотой нэлээд хэдэн өөрчлөлтүүд хийгдэнэ. Шинээр батлагдсан Татварын багц хууль болон энэ сарын 1-нээс хэрэгжих байсан ч нэг жилээр хойшлуулсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах тухай хуулийн зарим заалтууд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Эдгээрээс онцлох өөрчлөлтүүдийг тоймлон хүргэж байна.
НИЙТЭД ХАМААТАЙ НЭМЭГДЛҮҮД
-Ирэх сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно. / Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн шийдвэр. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль/
-2018 оноос үе шаттайгаар нэмэгдэж байгаа Нийгмийн даатгалын шимтгэл 2020 онд ажил олгогчид нэг, ажилтанд нэг, нийт хоёр хувиар нэмэгдэнэ. / УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлого. Нийгмийн даатгалын тухай хууль. Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хуулийн энэ хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан/
-Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр 1000-2000 см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд 100 мянган төгрөг, 4500-аас дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 350 мянган төгрөгийн төлбөр төлнө. /НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдааны шийдвэр/
ШИНЭЭР БАТЛАГДСАН ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИАР
-НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болно.
-Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан бол хүсэлтээ гаргаснаар нэг удаа хялбаршуулсан тайлан өгч орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Мөн дээрх хэмжээний орлоготой, одоогийн хуулиар цэвэр ашгийн 10 хувийг татварт өгдөг байсан хувь хүнд энэ заалт хамаарна.
-Улаанбаатар хотоос алслагдсан буюу 500 км-ээс хол зайнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж болон хувь хүний үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувь, 1000 км-ээс хол зайнд байгаа бол 90 хувь хөнгөлнө.
-Татварын өр төлөх хугацааг хоёр сар байсныг 24 сар болгож байгаа.
-Татварын систем цахимжсанаар татварын цэнхэр дэвтэр хэрэглэхгүй.
-Татварын тайлангаа өгсөн өдөртөө татвараа төлж барагдуулах үүрэг хүлээх бөгөөд хоног тутамд алданги тооцдог болно.
-Тайлангаа хоцроосон ААН, иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгоно.
-НӨАТ-ын баримт өгөөгүй тухай гомдлыг гурав хоногийн дотор шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно.
/Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/
ХҮҮХДИЙН ТООГООР АЖИЛЛАСАН ЖИЛ НЭМЭГДЭНЭ
-Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцно.
-Хүүхдээ 3 нас хүртэл нь асарсан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацаанд оруулан тооцно.
-Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө төлнө.
-Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
-Сайн дурын даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас албан журмаар даатгуулсан эхтэй адил 100 хувиар тооцон олгоно.
/УИХ-аас мөрдөх хугацааг нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтууд/
-Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 15-60 насны иргэд 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой болно.
//УИХ-аас мөрдөх хугацааг нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль/
УЛААНБУУДАЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ
-МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянга болгоно.
-Төрийн үйлчилгээ (ТҮ)- ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхэлнэ. / Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга/
-Улаанбуудайн урамшууллыг 10 хувиар нэмэглдүүлж 23 хувь, махны зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 4.5 хувиар нэмж 9.2 хувь болгоно. /ХАА-н салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал/
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин