Энэтхэгийн оны шилдэг тамирчин тодорлоо

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс 65 кг-ийн жинд Монголын Т.Тулгыг ялж хүрэл медаль хүртсэн Бажран Пуния Энэтхэгийн оны шилдэг тамирчнаар тодорчээ. Тус улсын ерөнхий сайд асан Ражив Гандигийн дурсгалд зориулж энэхүү шагналыг бий болгож, анхны шагналтнаар шатарчин Вишванатан Ананд тодорч байжээ.

Ражив Гандигийн шагналын 36 дахь эзэн болсон Бажран Пуния Гүржийн дасгалжуулагч Эмзари Биденейшвилигийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа ханган дэлхийн түвшинд өрсөлддөг билээ. Бажран Азийн наадмын болон Ази тивийн аварга цол хүртэж, сүүлчийн хоёр ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Түүнд шагналыг нь Энэтхэгийн залуучууд, спортын сайд Кирен Рижижу гардуулж өгөв. Энэ үеэр Бажран “Би амжилтын төлөө бүхнээ зориулж байна. Олимпийн эрхээ нэгэнт авчихсан болохоор Токиогийн олимпод амжилттай оролцохын тулд голлон анхаарч байна. Гэмтлээ бүрэн эдгэсний дараа нэгдүгээр сарын сүүлчээр Италид болох чансааны тэмцээнд оролцохоор төлөвлөсөн” хэмээн ярьжээ.

М.Бүүвэй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.180)