Байгалийн түүхийн музейг нураах үеийн зургууд
Байгалийн түүхийн музейг анх 1924 онд "Үндэсний Музей" нэрээр байгуулж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж иржээ. Тус музей 1940-41 онд "Орон нутаг судлах музей", 1956-1991 онд "Улсын төв музей" хэмээн нэрлэгдэж байлаа. Энэ музейд Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэрийг хадгалж, олон нийтэд толилуулж байв.
Байгалийн түүхийн музейн өмнө 63 жил болсон хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейд шилжүүлэхээр болжээ. Өмнө нь энэ хоёр арслан Богдын Шар ордны шөргөн хашааны үүдэнд байсан юм. Шар ордон хотын төвд, одоогийн 4-р дэлгүүрийн урд байжээ. Энэ ордонд 1911 оны 12 сарын 29-нд Богдыг хаанд залсан аж.
Уран барилга, архитектурын дурсгалт музейн энэхүү барилгыг буулгах шийдвэрт олон нийтийн зүгээс дургүйцлээ хүчтэй илэрхийлсээр байсан хэдий ч эрх мэдэлтнүүдийн сэтгэл санаа, шунал хүслийг эргүүлж чадсангүй. Нураасан суурин дээр нь музей баригдах сурагтай байгаа боловч итгэхэд бас л бэрх, баригдсаных нь дараа л итгэхгүй бол 2020 оны сонгуулиар гарч ирэх нөхдүүд яах ч юм билээ ёстой чөтгөр бүү мэд.
Ингээд Байгалийн түүхийн музейн барилгыг нураах үеийн зургуудаас уншигчдад толилуулахаар нийтэллээ. Хожим хойно дурсгал болж үлдэх биз ээ.
С.Хүслэн