Анжелина Жоли: Амьдрал чамайг унтраахыг оролдоно. Харин чи заавал асах ёстой

Манай гаригийн энэ цаг үеийн хамгийн цуутай бас цуурайтах нэртэй эмэгтэй хэн бэ гэвэл яах аргагүй Анжелина Жоли. Хэн ч түүн шиг байж чадахгүй. Түүн шиг ихэмсэг бардам, бас энэрэнгүй элэгсэг дотно байж чадахгүй. 

Тэр амьдралынхаа 20 жилийг НҮБ-ын дүрвэгчдийн агентлагт ажиллаж эх орноо алдсан иргэдийн эрх чөлөөт амьдралын төлөө тэмцсэн юм. Үүгээр зогсохгүй сүүлийн 10 жилийг Афганистан, Кени, Камбоджийн охидыг боловсрол эзэмшүүлэхийн төлөө зүтгэсэн юм. Түүнчлэн тэрээр Лондоны Эдийн засгийн сургуульд урилгаар хичээл зааж байсан билээ. Ингэхдээ оюутнуудад энх тайван, аюулгүй байдал гэж чухам юу болох талаар тайлбарласнаас гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олон улсын хэмжээнд тэмцэх ёстойг сануулсан юм. Энд онцлох ёстой бас нэгэн чухал зүйл бол Анжелина эмэгтэй хүний давах ёстой эрүүл мэндийн хамаг л эмзэг асуудлыг өөрийн биеэр туулсан учир бусад бүсгүйчүүдэд ч өөрийгөө хайрлах, энэрэх, эрүүл мэнддээ анхаарах, түүний төлөө сэтгэлзүйн хувьд хэрхэн өөрийгөө бэлдэж, эр зоригтой байх талаар амьдралаараа харуулсан баатарлаг ээж билээ. 

Тэгвэл энэ удаад түүний дэлхий дахинд хийсэн бүхий л тэмцлээс нь өөрт нь үлдсэн нүдэнд харагдах хийгээд нүдэнд үл үзэгдэх хэзээ ч арилшгүй толбо, сэтгэлийнх нь хатаж илааршсан “шарх”-ных нь талаар ярилцсан нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. 

-Юун түрүүнд энд өгүүлэх гэрэл зургуудын талаар асуумаар байна. Илүү эрэлхэг, өөрийнхөөрөө байхыг эрмэлзсэн тийм дүр төрх харагдлаа?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би маш ихийг тууллаа. Ялангуяа, сүүлийн 4 жил миний бие, сэтгэлд нүдэнд харагдах хийгээд үл харагдах олон шарх, “сорви” үлдсэн юм билээ. Харагдаж үзэгдэхгүй тэр сорвины талаар ярихад, тайлбарлахад үнэхээр хэцүү. Амьдрал эргэж буцдаг олон эргүүлэгтэй. Заримдаа бид шархалдаг ч, тэр өвдөлт бидэнд таатай санагдах үе бий. Гэвч хэн ч дотроо байгаа зүйлээ яг л агаар шиг чөлөөлж, бусдад мэдрүүлж чадахгүй нь харамсалтай. Гэхдээ л би биеэр минь дахин цус урсаж эхэлснийг мэдэрч байна. 

-Өөрөөр хэлбэл, та өөрийгөө дахин олж авч чаджээ. Тийм үү?

-Бид бүгдийн дотор юунд ч үл захирагдах тийм эрх чөлөөтэй, нээлттэй, саваагүй нэг тийм сайхан зүйл байдаг ч амьдрал түүнийг маань унтрааж орхидог. Өвдөлтөөр, уй гашуугаар… Харин хүүхдүүд минь миний үнэн сэтгэлийг мэднэ. Тэд минь л надад өөрийгөө дахин олж авах боломж өгсөн, бас өөрийнхөө сайн сайханд итгэж, өөрийгөө хайрлах тэр мэдрэмжийг минь дахин нээж өгсөн. Тэд миний бүх зүйл. Нэг үгээр би хүүхдүүдээсээ суралцаж байна. Эцэг, эхчүүд бид хүүхдүүддээ мэддэг бүхнээ зааж сургаж, тэдний зүрх сэтгэлийг амьдралд бэлдэх гэж бүхнээ зориулдаг. Яг л үүний үр дүнд тэд бидэн шиг болохыг хүсч эхэлдэг. 

-Эцэж цуцахаа мэдэхгүй үзэгч, уншигчдын сонжсон харц, сорьсон үзэмж, олон нийтийн нүдэнд бүх зүйлийг дэлгэж орхидог нийгмийн сүлжээ… Энэ бүхний дунд зургаан хүүхдийн ээж та хэрхэн хүүхдүүдээ зоригтой байхад сургаж байна даа?

-Бид бүгдэд өөрсдийнхөө үнэн дүр төрхийг, өөрсдийгөө чухам хэн бэ гэдгийг мэддэг байх нь маш чухал асуулт юм. Ялангуяа, хүүхдийн хувьд. Миний бодлоор, хүүхэд “Энэ бол би. Би өөртөө итгэдэг. Би өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг” гэдэг үгсийг дотроос нь өөрсдөөр нь хэлүүлж байх ёстой. Яагаад гэвэл бидний хэн нь ч тэднийг өвдөлт, сэтгэлийн шарх, бие мах бодийн өвчин зовлон, тэр бүү хэл үхэл зовлонгийн уй гашуугаас хамгаалж, авч үлдэж чадахгүй шүү дээ. Гэхдээ бид тэдэнд үүнийг зааж, энэ олон даваа нугачааг хэрхэн давж туулан гарах талаар ойлгуулж чадвал амьдрал нь илүү сайхан өнгөлөг болох нь гарцаагүй. 

-Олон нийтийн нүдний дор байдаг хүний хувьд таны тухай буруу ойлгосон, муу хэлсэн элдэв яриа, мэдээллийг та өөртөө хэрхэн хохирол багатай тусгаж авдаг вэ. Олон нийтийн дунд байдаг таны тухай хамгийн том эндүүрэл, буруу ташаа мэдээлэл нь юу юм бол?

-”Намайг тэжээх зүйл намайг үгүй хийдэг” гэсэн шивээс надад бий. Үүнийг би 20 настайдаа л шивүүлж байсан. Нэг үдэш ээжтэйгээ сууж байтал би алдсан юм шиг мэдрэмж төрсөн. Тэр үдэш бид хамт оройн хоолонд явж, энэ зуур ээж минь Теннисий Уиллиамстай өнгөрүүлсэн цаг хугацааныхаа талаар ярьж, түүний ярианд хэчнээн дурладаг байснаа ч хуучилсан юм. Тэр үед тэр аливаа зүйлийг үгүй хийдэг зүйлсийн талаар ярьдаг байсныг нь дурссан юм л даа. Дараа нь бид шивээсний газар очиж би зүүн мөрөн дээрээ үүнийг нь шивүүлсэн. Ээжийн минь хэлсэн энэ үг надад энэ зүйл миний нэг хэсэг юм байна гэдгийг ойлгуулсан юм. 

Бусад хүмүүсийн дотор байдаг асар их сайхан зүйлсийг би олж харсан. Тэдний дотор байдаг сайхан зүйлс нь бусдаас илүүрхэх гэж оролдоход нь бүдгэрдэг. Тэдний сайхан чанар нь тэд бусдыг өвтгөхөд бүр ч харагддаггүй. Тэдний сайхан чанар нь худлаа хэлэхэд нь бас л бусдад үзэгдэхээ больдог. Гэвч өөрийнхөөрөө байдаг, сэтгэл хөдлөлөө, өөрийгөө эрж хайсан хүмүүсийнх бол тэгдэггүй. Тэд бусдын адилаар өөрийгөө муу муухайгийн гянданд хорихыг тэвчиж чаддаггүй. 

-2020 он тун удахгүй тохиох гэж байна. Харин та манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-2020 онд бүх хүн хэн гэдгээ мэддэг, зүрх сэтгэлээ чөлөөлөхийн тулд тэд хэн байх ёстой вэ гэдгээ мэддэг байгаасай гэж хүсч байна. Та өөрийнхөө хүссэн тэр л амьдралаар бүрэн дүүрэн амьдарч чадахгүй байгаа бол, таныг тусгаарлаад байгаа тэр зүйл юу болохыг олж мэдэж, илрүүлэхийг хичээгээрэй. Таны эсрэг байгаа тэр зүйл юу байх нь хамаагүй түүнийг та олж нээгээд, түүний эсрэг тэмцэх ёстой. Би үүнийг маш олон эмэгтэйчүүдийг олж хараад л маш гүн гүнзгий ойлгосон юм. Эрх чөлөө бол зүгээр нэг сонгоод авчихдаг сонголт биш. Нийгмийн систем, холбоо харилцаа, гэр бүл, тэр бүү хэл Засгийн газар нь хүртэл эмэгтэйчүүдийн эсрэг зогсдог учраас л тэднийг доош татаж, бүтэн амьсгалах боломжийг нь олгохгүй байна. 

Би одоо “Үл үзэгдэх шарх” хэмээх ном уншиж байгаа. Энэ номонд 2000-2006 онд дотоод хүчирхийллийн улмаас амиа алдсан америк эмэгтэйчүүдийн тоо дайны талбарт үрэгдсэн цэргүүдийнхээс үлэмж олон байсныг харуулдаг. Өнөөдөр гэр нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай, амиа алдах эрсдэлтэй газар нь болчихсон байна гэдгийг хараад би цочролд орсон. Тэр бүү хэл хэдэн арван улс оронд гэргий, эхнэр, гэр бүлийн хууль ёсны эрхтэй гишүүн байсныхаа төлөө хүчирхийлэл амсдаг нийгэм оршин тогтносоор байна. 

10 гаруй улс оронд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээд хуулийн цоорхойгоор, хохирогчтой гэрлэсэн тохиолдолд ялаас мултрах нөхцөл байдал хэвээр байна. Бас өнөөдөр дэлхий дээр 70 гаруй сая хүн бусдын албадлагаар орон гэр, төрсөн нутгаа орхин дүрвэгч нэр зүүж байна. Ийм тэсвэрлэшгүй, жигшмээр байдал хүний ертөнц мөн гэж үү. Бид үүнийг хараад зүгээр л мөрөө хавчаад өнгөрөх юм гэж үү. Үгүй дээ, бид чинь амьсгалах агаар, уух усаараа бүгдээрээ холбогдсон хүмүүс. Тийм болохоор бид тэмцэх ёстой. Тэмцэх боломж байдаг л юм бол тэр тэмцэл нь эрх чөлөө, эрүүл аюулгүй амьдрах эрхийнхөө төлөө тэмцэл байх ёстой. Бид эрх чөлөөтэй байгаа юм бол энэ эрх чөлөөг олж авч чадахгүй байгаа бусдынхаа төлөө тэмцэх ёстой. Хэн нэг нь хэзээ ч тэмцэхгүй л юм бол юу ч өөрчлөгдөхгүй. 

-Эмэгтэй хүний хувьд эрх чөлөөтэй байдал гэж яг ямар утга илэрхийлж байна. Бас зоригтой эмэгтэй хүн гэж яг хэнийг хэлэх вэ?

-Бүрэн дүүрэн, хүссэнээрээ амьдарна гэдэг биелэхэд маш хэцүү зүйл. Маш олон эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хэзээ ч бүтэшгүй зүйл ч байж мэдэх юм. Яагаад гэвэл тэдний эсрэг зогсч буй зүйл нь тэднээс хэд дахин хүчтэй учраас. Би өдөр бүр хэнээс ч асуулгүй дуу хоолойгоо илэрхийлж, өөрийнхөөрөө сонголтоо хийж буй энэ эрх чөлөөгөө юу юунаас илүүтэйгээр ухамсарлан мэдэрдэг. Ийм ч учраас хүүхдүүдээ сургуульд эзэмшиж буй боловсрол, ирээдүйг харах төсөөлөл, түүний хязгаараас үл хамааран дэлхий ертөнцийг ойлгож мэдрэхэд нь тусалж дэмжихийг хичээдэг. Миний бодлоор хүн зоригтой л байвал эр зоригийг өөрийн эрхгүй дотроосоо бий болгож чаддаг. Хэн байхаасаа үл хамааран өөрийнхөө хүссэн тэр хэн нэгэн байж, хүссэн амьдралаараа амьдарч буй хэн нэгнийг харах нь надад өөрийн эрхгүй инээмсэглэл бэлэглэдэг. 

-Эмэгтэй хүн дандаа л “Төгс ээж байх”, “Төгс эхнэр” байх гэж хичээх ёстой гэсэн шүүмжлэлийн дор амьдардаг юм шиг. Энэ төгс байдлын талаарх санаа сэдэл нь эмэгтэй хүнийг залхааж, хохироож байна гэж та боддог уу?

-Хүмүүсийг тийм байх ёстой, ийм байх ёстой гэж хайрцаглах нь эрх чөлөө биш. Ялгаатай байдал ба онцлог шинжтэй байх гэсэн энэ хоёр ойлголт бол миний хамгийн үнэ цэнэтэй зүйл. Миний гэр бүлд ч, бас бусад хүмүүсийн хувьд ч тэр. Бүгдээрээ л нэгэн жигд адилхан байх ёстой гэж хуульчилсан ертөнцөд би л лав амьдрахыг хүсэхгүй. Тэгээд ч үүнийг уншиж байгаа бүх л хүн үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрнө гэж би төсөөлж байна. Би хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэйгээ уулзаж, мэдэхгүй зүйлээтүүнээс сурч авахыг хүсдэг. 

Гэвч өнөөдөр бид өөрсдийн ялгаатай байдлаа хүлээн авахын тулд сорилтонд унаад байна. Бусдыг ялгаж, ангилах айдаст бид автчихаад байна. Бид бүгдээрээ, дэлхий даяараа үнэ цэнэ хэмээх зүйлээсээ ухарч байна. Олон Засгийн газар өвөг дээдсийнх нь амиараа хамгаалсан үнэ цэнэтэй зүйлийг тэр хэвээр нь хадгалж чадахгүй байна. Засгийн газрууд ухрахад хүмүүс энэ үйл хэргийг манлайлж, дэлхий ертөнцийн ялгаатай өөр талуудыг бий болгож байгаа юм.

-Та амьдралдаа хэзээ нэгэн цагт хэн нэгний эрхшээлд орж байсан үе бий юу?

-Би тийм үе байсан гэж бодохгүй байна. Жаахан байхаасаа л би өөрт байхгүй зүйлдээ анхаардаг байсан. Гэвч 20 гаруйхан насандаа хийсэн аялал минь надад дэлхий дээрх хүн төрөлхтөний эрх чөлөөт байдлын харьцангуй ойлголтыг хүлээн зөвшөөрөх, танин мэдэх сэрэхүйг нээж өгсөн юм. Ер нь бага нас минь угаасаа л чөлөөтэй, өөрийнхөөрөө байхын төлөөх тэмцэл байсан юм шиг санагддаг. Үүнээс хойш энэ л эрх чөлөө минь гэр бүлийг минь, урлагт эзлэх байр суурийг минь, тэр бүү хэл бүтээх дүрийг минь ч урласан байх. 

Энэ бол ялгаатай улс орнуудын охидын сургуульд хөрөнгө оруулалт хийсэн нэг шалтгаан минь юм. Яагаад гэвэл маш өндөр мэдлэг, чадвартай охидын сурч мэдэх эрхийг боогдуулж байгаа аливаа зүйл намайг галзууруулах дөхдөг. Бид хэзээ ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан шинэ газар нутагт, тэр газар нутгийг нь бүтээн бий болгохыг ч хүлээж сууж чадахгүй. Сири, Мянмар, Конгод хүчирхийлүүлж, доромжлуулж байгаа охидын тоо хэд хүрч байж хүмүүс тийшээ анхаарах юм бэ. Тиймээс л Зэсвэгт мөргөлдөөний улмаас охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачлага нь олон улсын хэмжээнд энэ үйл хэргийг явуулах түлхэц нь болж, бидэнд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад тулгарах аливаа саадыг давах боломж олгож байгаа юм. 

-Та Камбоджийн ширэнгэд байшинтай болж, тэндхийн иргэн болсон. Яагаад ийм шийдвэр гаргаснаа бидэнтэй хуваалцаач. Танд тулгарсан хамгийн том бэрхшээл хийгээд таатай зүйл нь юу байв?

-Миний дотроос нэг тийм таатай, тайван, нам гүм газар амьдрахыг хүссэн дуу хоолой маш чангаар цуурайтаж байсан. Ингээд л би нэг бол цөлд эсвэл ширэнгэд амьдрахаар шийдсэн. Тэр ширэнгэ нь Камбоджид байж таарсан. Анх Камбодж руу явж байхад дайны хөлд үрэгдсэн тэр газар нутагт маш их гамшиг тохиосон байх даа гэж бодож байсан л даа. Гэвч үнэн хэрэгтээ тэнд байдал эсрэгээрээ байсан юм. 

Би тэнд хамгийн сайхан мэдрэмж, амьдрал, жинхэнэ тэмцлийг олж харсан. Энэ бол миний гэр, миний хүсэл тэнд байгааг мэдэрсэн. Мэдээж, тэнд хүрээлэн буй орчны сорилтууд бий. Тэнд амьдрахаасаа өмнө бид 50 орчим газрын мина олж, цэвэрлэсэн юм шүү дээ. 

-Та НҮБ-ын тусгай элчийн хувьд, бас жүжигчний мэргэжлийнхээ хувьд ч тэр дэлхийгээр аялсан нэгэн. Таны хамгийн дуртай газар гэвэл та аль улсыг нэрлэх вэ?

-Миний хамгийн дуртай газар бол миний хэзээ ч очиж үзээгүй тэр газар. Би шинэ зүйлст маш их татагддаг. Би үргэлж өөрийнхөө оршихуйгаас тасрахыг хүсдэг, түүнийг таашаадаг. Би хүүхдүүдийг амьдарч байгаа тэрхэн сууриндаа биш дэлхий ертөнцийг танин мэдэж, дэлхийн өнцөг булан бүрт найз нөхөдтэй байгаасай гэж хүсдэг. Ирэх жил би хүүхдүүдтэйгээ Африк дахь гэртээ очно. 

-Та Камбодж руугаа удахгүй явах уу?

-Бидний эзгүйд байшинд маань бяцхан жирхнүүд орчихсон байдгийг бид дараа нь мэддэг. Бид уг нь тэднийг хөөж гаргах ёстой л доо, гэхдээ Вивиен /Анжелинагийн охин/ тэднийг үлдээхийг хүссэн юм. Гэсэн хэдий ч нутгийн могойнууд тэднийг тэнд орох шалтгаан болсон байж мэдэх юм. Хамгийн сүүлд тэнд байхад доод давхарт найз маань айхтар чанга хашгирсан юм даг. Учир нь аварга гүрвэл түүний дэрэн доор хэвтэж байсан юм билээ. Үнэн хэрэгтээ, тэндхийн амьтад биднээс илүүтэйгээр ширэнгийг өөрийн орон гэр гэдгийг мэдэрдэг байх л даа. 

-Та бусад хүмүүсийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсдэг тухайгаа ярьсан. Энэ яг юу гэсэн утгатай өгүүлбэр болохыг тодруулж өгөөч?

-Энэ бол зүгээр нэг хязгаарлагдсан эрх чөлөөний тухай асуудал биш юм. Би хүмүүсээс “Чиний үргэлж хүсдэг зүйл чинь юу вэ” гэж асуудаг. Ингэж асуухад тэдний 90 хувь нь хүрэхийг хүссэн зорилго нь, эсвэл хэдийнэ хүрч чадсан зүйл нь энэ асуултын хариулт болохыг мэдээд гайхацгаадаг. 

Миний бодлоор энэ асуултыг өөрөөсөө асууж өөрийгөө сорьж, бас түүнийгээ биелүүлж байх ёстой. Зүгээр л өөрт оногдсон зүйлээ хүлээн зөвшөөрөөд, тав тухтай байдлаар амьдралаа хязгаарлах хэрэггүй. Харин ч эсрэгээрээ шинэ зүйлийн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Чамаас нуугдсан чиний хамгийн чухал зүйл, чиний анхдагч суурь, чиний дотоод дуу хоолой, тэр бүхнийг хайж ол. Тэмц. Эсэргүүц. Асуу. Илүү сониуч бай. Судал. Гэрээсээ, нутгаасаа, улсаасаа хил даван гараад үз. Юу чамд мэдрэгдэж байгааг олж хар. Чамайг айлгаж байгаа тэр зүйлтэй нүүр тулгар. Үүнийг уншсан бол та хэзээ ч хийж үзээгүй ч, үргэлж хүсч хүлээж байдаг тэр ямар нэг сайхан зүйлээ заавал хийж эхлэх хэрэгтэй. 

Эх сурвалж: Mongoljingoo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.238)