Жакарта-2018: П.Орхон АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын медалийн буухиаг П.Орхон үргэлжлүүллээ.
Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртсэн бол өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ.
Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн хоёр дахь эмэгтэй аварга болж буй нь энэ юм байна.
Тодруулбал найман жилийн өмнө 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Харин найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь алтан медалийг авчирлаа.
П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон юм.
Эх сурвалж: МЧБХ