Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй
Холливудын жүжигчин Брэд Питт эртний анд, мэргэжил нэгт нөхөр 81 настай Энтони Хопкинстой янз бүрийн сэдвээр ярилцжээ. Алдартай жүжигчид эртний танилууд тул илэн далангүй чин сэтгэлийн яриа өрнүүлсэн байна. Питт, Хопкинс хоёр анх 1994 онд “Эр зоригийн дууль” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа “Танилц, Жо Блэк” кинонд хамтарч дүр бүтээх боломж дахин гарсан. Домог болсон хоёр одын ярилцлага Interview сэтгүүлд нийтлэгдсэнийг хүргүүлж байна.
Брэд Питт: Та хувь тавиланд итгэдэг үү? Гэхдээ би хувь заяа, нэр хүндийн талаар яриагүй шүү. Би өмнөөс зурагдсан ч гэх юм уу, болох ёстой зүйл болдог гэдэг утгаар нь хэлж байна.
Энтони Хопкинс: Тэгэлгүй яахав, итгэдэг.
Питт: Би сүүлийн хэдэн жил л итгэж эхэлсэн. Та үүнийг яаж тодорхойлох вэ?
Хопкинс: Би заан зүүдэлдэг байсан. Яагаад юм бүү мэд. Бага байхдаа “Заан хүү” гэдэг киног өвөөтэйгөө хамт үзэж билээ. Заан киноны гол баатар Сабуг ширэнгэн ойд аваачдаг юм. Тэгээд надад би амьдрал гэгч тэр том амьтан дээр сууж яваа юм шиг сэтгэгдэл төрсөн. Нэгэн цагт бид тэр сайхан, хүчтэй зүйл дээр сууж явах сонголтыг санамсаргүй хийж, түүний намайг аваачих тэр газар л би очих юм шиг. Чи бид хоёр шиг хүмүүст ийм зүйл тохиолддог байх гэж би боддог. Яагаад гэдгийг ч бид мэдэхгүй. Магадгүй ямар нэг зүйлээс зугтаах гэсэн хүсэл юм болов уу. Гэхдээ үүнийг бид талархах эсвэл буруутгах аргагүй гэдэгт би итгэдэг.
Питт: Надад ч тэгж санагддаг. Гэхдээ талархах нь тодорхой. Харин буруутгаж одоо хэр чадахгүй л байна.
Хопкинс: Юуг буруутгах гэж?
Питт: Миний бодлоор өмнө хийсэн, хийсэндээ бахархаад баймааргүй тэр бүх сонголтын төлөө өөрийгөө уучлах жинхэнэ шалтгаан нь эдгээр алдаагаа үнэлэхэд оршдог. Учир нь алдаа болгон биднийг ухааруулж, улмаар цааш нь хөтөлдөг. Нэг зүйл нөгөөгүйгээр байдаггүй шүү дээ. Амьдралынхаа энэ цаг үед л би үүнийг ойлгож байна. Гэхдээ энэ нь мэдээж бахдаад байх зүйл биш л дээ.
Хопкинс: Чамайг бор дарсанд нэлээд дурласан гэж уншиж байсан юм байна.
Питт: Тийм. Юмнаас зугтаах нэг арга гэж бодож, өөрийгөө үрсэн шүү.
Хопкинс: Тийм шаардлага байж дээ.
Питт: Тодорхой хэмжээнд тийм юм уу даа.
Хопкинс: Олон жилийн өмнө надад ч бас уух хэрэг гарч байлаа.
Питт: “Танилц, Жо Блэк” дээр та энэ талаар ярьж байсныг санаж байна. Больсон гэж.
Хопкинс: Бараг 45 жилийн өмнө. Би буруу зүйл хийж байсан. Үүнд шалтгаан байсан гэх юм уу даа. Одоо эргээд харахад сонин санагддаг.
Питт: Тэгэхээр та өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг байх нь. Энэ чинь сайхан шүү. Бид шүүмжлэхээ урьтал болгосон, хүмүүстэй нэг удаагийн хэрэгсэл шиг ханддаг тийм л цаг үед амьдарч байна. Бид үргэлж алдаанд их ач холбогдол өгсөөр ирсэн. Гэхдээ алдаа хийсний дараа хийх алхам нь тухайн хүнийг тодорхойлдог. Тиймээс хийх дараагийн алхам хэзээд сонирхолтой байдаг ба зоригжуулдаг. Бид юмыг хар цагаанаар харахыг хүсдэг юм шиг надад санагддаг. Гэтэл саарал өнгө бас байдаг шүү дээ.
Хопкинс: Марлон Брандогийн тухай гайхалтай баримтат кино байдаг. Тэрээр аавтайгаа хамт байгаа хэсэг гардаг. Марлон агуу жүжигчин хэрнээ аав нь түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ааваас нь хүүгийнхээ амжилтын талаар юу гэж боддог вэ гэж асуухад “Бүх зүйл хэвийн” гэж хариулсан. Тэгэхэд би уйлсан. Юу вэ гэхээр би малгай унахад уйлдаг. Учир нь бүх зүйл миний сэтгэлийг хөдөлгөж орхидог. Би чинь хөгширч байна шүү дээ. Харин чи хэр амархан уйлдаг вэ?
Питт: Би чинь уйлдаггүйгээрээ алдартай. Би 20 жил лав уйлаагүй шүү. Харин насны “энэ өндөрлөгт” ирээд илүү уяхан болжээ. Хүүхдүүд, найзууд, мэдээ хүртэл сэтгэл хөдөлгөдөг болж. Гэхдээ зөвхөн уяраадаг шүү. Үүнийг би сайны дохио гэж боддог. Яг юуны гэдгийг нь мэдэхгүй ч гэхдээ л сайны дохио.
Хопкинс: Чи хөгшин болоод ирэхээрээ уйлах дуртай болдгийг мэднэ ээ.
Питт: Тийм үү?
Хопкинс: Тийм. Зовлон, уй гашуу тохиолдоход ч биш баярлахдаа ч тэр.
Питт: Анх уулзаж байсан өдрөөс ч илүү баяр баясгаланг би таны царайнаас харж байна. Сүүлийн хэдэн жил би уран баримлаар “тоглож” байгаа. Бидний найз таныг зураг зурдаг гэсэн. Та энэ талаар юу гэж бодож байна. Миний хувьд энэ бол нэгэн хэлбэрийн бүтээл. Харин таны хувьд ямар ач холбогдолтой вэ?
Хопкинс: Намайг зовлонгоос ангижруулдаг учир миний хувьд чухал. Надад ганцаараа байх боломж олгодог.
Питт: Та тэгээд хэр удаан хугацаанд зурж буй зүйлдээ “ордог” вэ?
Хопкинс: Бүтэн өдөр.
Питт: Зарим өдөр урландаа байхад хүнд, хоосон, нэг хэвийн юм шиг надад санагддаг. Заримдаа сэтгэл хөдөлгөм, гайхалтай мэдрэмж төрдөг. Гэгээлэг шүү.
Хопкинс: Сайхан шүү, тийм ээ?
Питт: Харин жүжигчдийн хувьд бидний хийж буй зүйл бол багийн спорт. Кино бүтээхэд хүн бүхэн оролцоно. Хүн бүр өөрийн хувь нэмэр оруулдаг. Заримдаа санасныг бодвол сайн болж, зарим өдөр сэтгэлд арай хүрэхгүй. Гэхдээ энэ чинь багийн хүчин зүтгэл. Би ямар нэгэн зүйлийг бие даан хийхийг үнэхээр хүссэн. Нэг тийм оюунлаг, гэгээлэг санагддаг.
Хопкинс: Гэхдээ үүнийг хүслээрээ, амьдралын баяр баясгалан, эрч хүч авахын тулд хийх хэрэгтэй. Хэт нухацтай хандах хэрэггүй.
Питт: Тийм шүү
Хопкинс: Би утсандаа далайн эрэгт сууж байгаа бага байсан зургийг хадгалдаг. Түүн рүү хараад “Хүүхэд ээ, бид чадлаа шүү” гэж хэлдэг.
Питт: Гэхдээ та бодит амжилтын талаар яриагүй гэж бодож байна.
Хопкинс: Үгүй дээ.
Питт: Та хүн байх гэдэг тоглоомын талаар ярьж байна, тийм биз?
Хопкинс: Анхны ой санамж оньсого шиг л байдаг. Би тэр наран шарлагын газарт аавтайгаа байсныг санадаг. Аавынхаа өгсөн чихрийг хаяад уйлж байсан юм. Би тэр айсан бяцхан хүү рүү хараад “Бид чадлаа шүү” гэж хэлдэг. Харин бид хэзээ нэгэн цагт явах нь үнэн. Бидний эцэг эх энэ хорвоогоос явсан. Миний олон найз мөн л явсан. Нэгэн өдөр би Венецид явж байхдаа “Энэ бол зүүд. Энэ бол хоосон зүйл. Гэхдээ амьдралын баяр баясгалан, бүх зүйлээс амьдралын баяр баясгаланг олж харах” гэж бодож байлаа. Хэзээ хэзээнээс илүү одоо л би үүнийг ухаарч байна. Амьдралын баяр баясгалан, утга учир энд л байна. Миний мууранд, миний нохойнд, чамд бий. Миний муур гал дээгүүр үсэрч гарахыг хараад ном бичиж чадахгүй, гүн ухаан эсвэл тооны талаар юу ч мэдэхгүй хэрнээ гал дээр явж болохгүй гэдгийг, чөтгөр гэж, тэр яаж мэднэ вэ? Гайхамшигтай.
Питт: Нас явах тусам бидний ухаан “солиорч”, мөч хором бүрд биднийг хүрээлж буй зүйлс гайхалтай сайхан харагддаг гэж таны хэлснээс ойлголоо. Залуу байхад үүнийг бид анзаардаггүй.
Хопкинс: Бид хэтэрхий завгүй байдаг.
Питт: Өөрсдөөрөө бахдаад.
Хопкинс: Гэхдээ энэ бол зайлшгүй зүйл. Чи амьдралын эрч хүчийг мэдэрч байна уу?
Питт: Маш их.
Хопкинс: Чамайг харахад мэдрэгдэж байна.
Питт: Би үнэхээр мэдэрдэг. Гэхдээ байгальд байхдаа, ялангуяа хүүхэд байхад. Гэхдээ үүнийг одоо л ойлгож байна, хөглөгдөж байна. Маш нууцлаг, маш гайхалтай. Надад таалагдаж байна.
Хопкинс: Гайхамшигтай шүү.