Тэрбум ам.долларын алдагдалтай худалдааг шинжихүй

ОХУ, Монголын худалдаа өсөх хандлагатай байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын эдийн засгийн харилцааг шат ахиулах түүний айлчлалтай холбогдуулан Орос, Монголын худалдаа тоон дүнгээр ямар түвшинд байгааг сонирхлоо. Худалдааны эргэлтийг авч үзвэл, хэдхэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн эргэлдэх бөгөөд үүнд нефтийн бүтээгдэхүүн хамгийн их жин дарна байна.

Хэдий тийм боловч хоёр улсын худалдааны алдагдал жилд нэг тэрбум ам.доллараас буурахгүй өдий хүрэв. Худалдааны тэргүүлэх бараа, бүтээгдэхүүнийг жагсаавал, жонш, нефтийн бүтээгдэхүүн, тусгай зориулалтын машин механизм, түүний тоног төхөөрөмж, азотын бордоо, арматур, цувимал төмөр давамгайлах аж.

ОХУ-д гаргаж буй манай улсын экспорт ердөө 100 хүрэхгүй сая ам.доллараар хэмжигддэг аж. Импорт, экспортын зөрүү худалдааны алдагдлыг улам тэлсээр.Импортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг нефтийн бүтээгдэхүүн ороод жилд тэрбум ам.доллар хол давсан бараа, бүтээгдэхүүн манай улс хойд хөршөөсөө авч байна.

ОХУ-д гаргаж буй манай улсын экспорт ердөө 100 хүрэхгүй сая ам.доллараар хэмжигддэг аж.

Манай улсын геологи хайгуул, уул уурхай, хүнс, барилга, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр болон аялал жуулчлалын салбарт ОХУ-ын хөрөнгө оруулалттай 700 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 80 хүрэхгүй нь үйл ажил лагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, 10 гаруйхан хувь нь ажилладаг гэсэн үг.

Тэгвэл валютийн ханшийг сонирхвол төв банкны зарласан албан ханшаар рубль лхагва гарагийн байдлаар 42.37 төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны аравдугаар сард төгрөгийн рубльтэй харьцах ханш өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар суларчээ. Рублийн ханш чангарч, төгрөгийн ханш улам суларсаар байвал ОХУ-тай хийх худалдааны алдагдал тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг.

Манай улс Хятадын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулсан. Тэгвэл ОХУ-тай мөн энэ төрлийн хэлцэл байгуулахаар эртнээс ярьж буй. Төв банкны удирдлагууд өмнө нь албан ёсоор хандаж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй өдгөө хүрлээ.

Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах, Владивостокт Монгол Улс худалдааны төлөөлөгчийн газраа нээх боломжийг бүрдүүлэхээр зорьсон Ерөнхий сайдын айлчлалаар яригдаж байна. Манай хоёр улсын худалдаа 2016 оноос сэргэж, 2017 оноос өсөх хандлагатай байсан бол. Энэ оны эхний есөн сарын байдлаар 13 хувиар нэмэгджээ. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.212)