2020 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ баталлаа
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг өчигдөр чуулганаар баталлаа.
Тогтоолд “Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, “Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх” зэрэг дэд заалт нэмэхээр болжээ. Мөн FATF-ийн хяналтаас 2020 онд багтаан гарах асуудлыг тусгасан байна.
Мөн тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж, тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авна” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.
"Бодлого ирэх жил эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ" гэж Монголбанк мэдэгдсэн юм.
Төсөлд гадаад өр төлбөрийг шийдвэрлэхдээ олон улсын санхүүгийн байгууллагатай хамтрах, Төв банкны гадаад өрийг бууруулах, инфляцыг найман хувь, дунд хугацаанд зургаан хувьд тогтворжуулах зэрэг зорилт тусгагдаад байна.