Б.Гантигмаа: Аавын уран бүтээл дүрэлзтэл асдаг
Сэтгүүлч, нэвтрүүлэгч Б.Гантигмаатай сүүлийн үед хийж буй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Үзэсгэлэнт төрх, уянгалаг хоолой, ур чадвараараа үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр гавьяат жүжигчин С.Бужгарын охин бөгөөд “Гарын таван хуруу” киноны Гэрлээгийн дүрийг бүтээж багаасаа л олны танил нэгэн болсон билээ.
–Хэрэв таны аав өдгөө амьд сэрүүн байсан бол 80 настай буурал байх байжээ. Гавьяат жүжигчин С.Бужгар гуайн 80 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс хоёулаа таны аавын талаар, ард түмний хайртай жүжигчний талаар яриагаа эхлүүлье. Охиных нь хувьд та аавдаа зориулан ямар ажил хийж байна вэ?
–Эдгээр өдрүүдэд аавынхаа уран бүтээлээр амьсгалж байна. Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-аас зохион байгуулж буй “Бид мартахгүй" үйл ажиллагаанд оролцож аавынхаа уран бүтээлийн талаар илтгэл тавилаа. Манай аав, гавьяат жүжигчин С.Бужгар ямар жүжигчин байсан бэ гэдгийг үзэгчид мэднэ. Аавын амьдрал, уран бүтээл дүрэлзтэл ассан, оч гялалзсан нүд шиг нь байсан. Өнөөдрийг хүртэл би яг аав шиг дүрэлзтэл ассан очтой нүдтэй жүжигчинтэй нэг ч таарсангүй.
Аав Булган аймгийн Хутаг-өндөр суманд Эгийн голын усчин эмэгтэй Дарьсүрэнгийн хоёрдугаар хүү болон мэндэлсэн. Уг нь эмээ аавд Пунцаг гэдэг нэр өгсөн юм билээ. Буржгар өтгөн үстэй, алаг нүдэн хүүг нутгийнхан нь Бужгар гэж дууддаг байсан болохоор,сургуульд орохдоо аав тэр нэрээр бүртгүүлээд энэ нэрээрээ алдаршсан юм. Дайны хүндхэн жилүүдэд бага нас нь өнгөрсөн болоод ч тэр үү, аав хүүхэд ахуйгаа нэг их дурсаад байдаггүй байсан. Харин ээжийгээ их дурсдагбайсан.
Аав минь сайн жүжигчнээс гадна маш сайн найруулагч байсан. Орон нутгийн театруудад олон жүжиг найруулсан. Мөн маш сайн зохиолч, найрагч. Аавын зохиосон олон дуу, нот, шүлэгтэйгээ бидэнд хадгалагдаж байгаа.
-Найрагч байсан гэдгийг нь сайн мэдэхгүй юм байна. Шүлэг, дуунаас нь нэрлэхгүй юу?
-Тухайн үедээ Дарханы Залуучууд театрт тоглогдож байсан бүтээлүүд бий. Төрсөн нутгийнхаа тухай ардын магтаал шиг магтаал бичсэн байдаг. Ард түмний дунд дуулагдаж буй уран бүтээл бол байхгүй. Нотыг нь аваагүй шүлгүүд ч олон бий. Хадгалагдаж байгаа шүлгүүдийг нь харахаар “Нэр чинь чинийх” зэргээр хүүхдүүдэд зориулсан бүтээл олон бий.
-Аавынхаа бичсэн шүлэг, дууг амилуулах бодол байна уу?
-Байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө хүүхдийн дууны уралдаан зарлагдахад үед аавынхаа нэг шүлгэд хөгжмийн зохиолчдоос ая хүссэн. Хэрэв тэр шүлэг аялгуутай болсон бол их хөөрхөн дуу болох байсан.
-Сайн уран бүтээлчээс гадна хэр сайн аав байсан гэж та дүгнэх вэ?
-Хувь хүнийх нь хувьд гэнэн, сахилгагүй, яг хүүхэд шиг хүн байсан. Шинээр гарсан дууг бидэнтэй хамт сууж байгаад цаг гарган сурдаг байсан. Хүсэл, мөрөөдөл нь ундарсан хүн байсан даа. Амралтынхаа өдөр бидэнд хачин сайхан хоол хийж өгдөг байсан. Байцааны салатыг маш сайхан хийнэ. Цуйванг одооны хүүхдүүдийн хэлдгээр их сайхан сэгсэрдэг байлаа. /инээв/
–Та яг ээж шигээ (Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал) намбалаг, бас дөлгөөн харагддаг. Харин аавынхаа ямар зан чанарыг дуурайсан бэ?
-Аав, ээж хоёр биднийг багаас нь бие даалгуулж өсгөсөн. Баргийн юманд шантарч барьц алдаад байхгүйгээр өсгөсөн. Тэгэхээр би ааваасаа шантардаггүй, бие даасан, хүнээс юм гуйх дургүй, зорьсондоо хүрдэг, өөртөө эзэн болох чанарыг нь өвлөсөн.
-Та багадаа “Гарын таван хуруу”-нд Гэрлээгийн дүрийг бүтээсэн. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн жүжигчин бололгүй яагаад сэтгүүлч болсон юм бэ?
–Багаасаа л сэтгүүлч мэргэжилд дурлаж, энэ мэргэжлийг эзэмшсэн. Телевизийн салбарт 18 наснаасаа эхлэн ажилласан. Туслах найруулагчаас эхлэн бүх шат дамжлагаар явж, зүтгэсээр байгаад л нэвтрүүлэгч болсон доо. Энэ жил 30 дахь жилдээ телевизийн салбарт ажиллаж байна.
–Гавьяат жүжигчин С.Бужгар гуайг зөрж өнгөрсөн хүн заавал эргэж хардаг, тухайн үеийнхээ сайхан залуусын нэг байсан. Охид багадаа “аав шигээ хүнтэй гэрлэнэ” л гэдэг. Харин та тийм хүнтэй гэрлэж чадсан уу?
–Нүд, шүд болсон их сайхан залуу байсан. Манай аав миний ээжид чин зүрхнээсээ дурлаж, чин сэтгэлээсээ хайрласан. Яг хүүхэд шиг ээжид минь эрхэлсээр хорвоог орхисон. Манай нөхөр яг аав ээжид дурласан шиг надад чин зүрхнээсээ дурласан, чин сэтгэлээсээ ганцхан намайг хайрладаг. Амьдралынхаа туршид надад эрхэлж явна. Би яг л аав шигээ хүнтэй гэрлэсэн.
-Зурагтаар л хардаг, уяхан хоолойтой, царайлаг эмэгтэйн хувийн амьдрал уншигчдад сонин байх. Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ. Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Надад гялалзсан сайхан таван залуу бий. /Эгчийнх нь хоёр, өөрийнх нь хоёр, дүүгийнх нь нэг хүү/ Гэр дүүрэн залуучуудтай, гэр дүүрэн хийморь дунд л амьдарч байна даа. Амралтын өдөр бол тун завгүй өнгөрч байгаа, залуучуудынхаа угаалгыг хийгээд л. Залуудаа чөлөөт цаг л гарвал ном их уншдаг байсан. Сүүлийн үед бичих дуртай болж байгаа. Өөрөө өөртөө л бичигч юм даа.
–Хөвгүүдийн ээж та асар олон зүйлийг зольж, маш зоригтой шийдвэр гарган эгчийнхээ донор болсон. Хагалгаа амжилттай болоосой гэж Монголын ард түмэн залбирч суусан биз. Гэвч эгчийгээ та алдсан. Энэ хүнд үеийг яаж туулсан бэ?
-Энэ шийдвэрийг би зориг гэхээсээ илүү хайр гэж бодож байна. Хайртай дотнынх нь хүн өвдөөд ийм байдалд хүрсэн бол хэн ч над шиг шийдвэр гаргах байх. Хайртай хүнээ эрүүл саруул болгохын тулд боломж бүрийг ашиглахыг зорьсон. Эгчийнхээ амьдрах хугацааг цөөн хоногоор ч уртасгаж чадсан нь хангалттай.
–Та сайн дурын, нийгмийн маш олон ажилд оролцож байгаа харагддаг. Одоогоор нийгэм рүү чиглэсэн ямар ажилд оролцож байна вэ?
–Миний хувьд “Элэг нэгт Монголчууд сан”-гийн тэргүүлэгч гишүүн. Бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийж байгаа. Энэ хүрээнд нэгэн том ажил эхлүүлэх гээд бэлтгэл шатандаа явна. Хэрэгжээд эхлэхээр нь ард түмэн мэдэх нь зохимжтой байх. Сайн дурын, хандивын олон үйл ажиллагаануудад оролцдог. Тэр бүрийг дурдвал их урт яриа болох байх.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
Р.Ренчиндулaм
Эx сурвaлж: News.mn