МАН: НДШ-ийг нэмэгдүүлсэн хуульд тавьсан хоригийг хүлээж авна
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан. Бүлэг хэлэлцээд 2020 оны улсын төсвийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн Ирээдүйн өв сангийн хуульд хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн. НДС-гийн шимтгэлийн хэмжээ өсч байгаатай холбоотой хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хэсэгчлэн хүлээж авч болох заалт байдаг. Мөн Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсаныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж үзсэн хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-НДШ-ийн хуульд тавьсан хоригийг хүлээж авснаар хэрхэн зохицуулах вэ?
-Төсвийн тухай хууль батлагдсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаж, төсвөө баталсан. Тиймээс улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин НДС-гийн хуулийг хүлээж авснаар хоёр хувиар нэмэгдүүлэх асуудлыг хойшлуулах уу, бүр болих уу гэдгийг УИХ-аар хэлэлцсэний дараагаар шийднэ.
-ОУВС-гийн хүрээнд НДШ-ийг нэмсэн гэж байгаа. Энэ талаар ОУВС-тай зөвшилцсөн үү?
-Хоригийг хүлээж авсны дараагаар Төсвийн байнгын хороо хэлэлцэнэ. ОУВС-тай яриа хэлэлцээр хийж шийдэгдэнэ. Капитал банкинд хадгалагдаж байгаад алдагдсан мөнгөтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцэнэ.