С.Амарсайхан: Шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, “Майдар” зэрэг дагуул хотыг төлөвлөж байна

Москва хотын хэмжээнд 40 мянган гэрэл дохио ажилладаг, 80 мянган такси, 10 мянга гаруй трамбай, троллейбус, автобус нийтийн тээврийн салбарт үйлчилдэг метрополист хотуудын нэг. Тэр утгаараа замын хөдөлгөөний ачаалал ч нэлээд байдаг аж. Хотын захирагч  С.Амарсайхан нарын албаны хүмүүс ЦОДД буюу Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судалсан юм. Тус төв Москва хотын çамын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хяналтыг тавьж, төлөвлөгөө, стратеги боловсруулж ажилладаг байна.

Москва хотын хэмжээнд замын хөдөлгөөнийг 100 гаруй ажилтан 20х14 ам метр өргөн дэлгэцээр 24 цагийн турш 150 мянган камерийн бичлэгийг хянаж, мэдээллийг хүлээн авч боловсруулдаг,. ¯үнээс торгууль бичдэг 2600 камер мэдээллээ 7-30 хоногийн хугацаанд хадгалдаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг улсын дугаараар нь олæ, камер автоматаар тогтоодог аж. Мөн замын аваар осол гарсан тохиолдолд шалтгааныг нь тогтоож, шаардлагатай бол аль нэг автомашиныг улсын дугаараа нь хөөж хаагуур хэдэн км  явсныг мэдэж болдог гэсэн.

Замын түгжрэлийг бууруулахад хамтарна

Хотын дарга С.Амарсайхан Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн  /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн,  төрийн өмчит төсөвт байгууллага  болох  “МосТрансПроект”-ээр зочиллоо.

Тус байгууллагын  захирал Александр Поляковгийн хэлснээр замын хөдөлгөөний ачааллыг 1-10 хүртэлх  “балл” хэмээх нэгжээр хэмжин дүгнэж, автомат болон ажилтны оролцоот удирдлагаар замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. Дэлгэцэн дээрээс бүх мэдээллийг хянах боломжтой бөгөөд ачааллын хэмжээг камерийн тусламжтайгаар хүлээн авч, өнгөөр ялгаж харуулдаг аж. Мөн ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашины дугаарыг энэ системийн тусламжтайгаар автоматаар түүж, торгууль төлүүлэх хэсэг рүү ажилтны оролцоогүйгээр шууд хүргэгддэг. Мөн гал команд болон Цагдаа, Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин яаралтай зорчих шаардлагатай болсон замын хэсгийг ч ялгах боломжтой гэсэн.

Москва хотын хэмжээнд 12.1 сая авто машин бүртгэлтэй бөгөөд хотын орчимд 1.8 сая автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг өгч, өөрийн байгууллагын хувьд эдгээр хяналтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн /такси, трамбай, троллебус/ хэрэгслийн орчин үеийн дэд бүтэц, хотын дугуйн зам, хотын машины зогсоол, замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, нийтийн тээврийн дамжин суух зангилааны гэх зэрэг төслүүдийн зураг төслийг  хариуцан ажилладаг  юм байна.

Александр Поляков захирал мөн “Та бүхэн Улаанбаатар хотын авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээллийг бидэнд ирүүлбэл хэрэглээний математикийн аргад тулгуурлан замыг хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэсэн  тодорхой төслийг гаргаж болно” гэлээ. 
Үүний дараа хотын захирагч С.Амарсайхан “МосТрансПроект”-ийн захирал Александр Поляковыг албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотод зочилж, замын хөдөлгөөний бодит нөхцөл байдалтай танилцахыг урьсан юм. 

Хот төлөвлөлтөд хойд хөршөөс зөвлөгөө авна

Улаанбаатар хот дэлхийн хотуудтай ах дүүгийн найрсаг харилцаатай. Эдгээрээс түүхэн уламжлал, хамтын ажиллагаагаараа Москва, Улаанбаатар хотууд тэргүүлдэг байна. Энэ утгаараа Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хөгжлийн Гипрогор институт гаргаж байжээ. Хожим нь 1963, 1971, 1986 онд манайх ерөнхий тодотгол хийсэн аж.

Монгол Улсын нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан тус институтэд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан зочилж, удирдлагуудтай нь ажил хэргийн уулзалт, яриа өрнүүллээ. Энэ үеэр тэрбээр “Та бүхэн бараг биднээс илүү Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг мэдэж байгаа хүмүүс. Хэдхэн жилийн өмнө буюу 2013-2015  онд та бүхэн Улаанбаатар хотод удаа дараа зочилж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Зураг төслийн хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байсанд талархал дэвшүүлье. Энэ удаа бид та бүхэнтэй уулзаж байгаа нь өмнө нь ярьж төлөвлөж байсан олон ажлыг хэрэгжүүлэхэд харилцан санал солилцож, ярилцахаар ирсэн” гэлээ.

Улаанбаатар хот 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгө батлан ажиллаж буй. Энэ  төлөвлөгөөний үндэс суурь нь тус институтийн 1956 онд болон дараа нь хэд хэдэн удаа гаргасан ерөнхий төлөвлөгөө бөгөөд түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх байдлаар өнөөгийн манай хотын төлөвлөлтийг хийжээ. Хотын дарга тус институтийнхэнд “Бид Налайх, Багануур, Багахангай дүүргийг дагуул хот болгож хөгжүүлэх, мөн Төв аймгийн нутагт дэвсгэрт байрлаж буй шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, шинээр “Майдар” сити зэрэг шинэ хотыг төлөвлөж байна.  Эдгээр төлөвлөлтөд та бүхний санал зөвлөмжийг авах нь чухал.  Түүнчлэн бид өмнө нь байсан Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн Хот байгуулалт, судалгааны институт болгосон. Ингэснээр хот төлөвлөлтийн үйл явцыг илүү мэргэжлийн, оновчтой, үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэж харж байна. Энэ байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэхэд та бүхэн шиг туршлагатай, хотын үүх түүх, төлөвлөлтийг маш сайн мэддэг, мэргэжлийн байгууллагын оролцоо чухал байна. Институтийн үйл ажиллагааг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн гишүүд чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ хүрээнд та бүхнийг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлд орж ажиллахыг урьж байна” гэлээ.

Түүнчлэн хотын захирагч Гипрогор институтийн удирдлагуудад нийслэлийн хот байгуулалтын салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр дадлагажуулах, туршлага солилцох боломж бий болгоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Тус институт энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэж буй аж. Үндсэндээ ОХУ-ын Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн анхны институтуудын нэг юм байна. Энэ тухай ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтийн Ерөнхий захирал Елена Станиславовна “Бид үйл ажиллагаагаа орчин үеийн техник дэвшлийн ололт амжилттай уялдуулан улам бүр хөгжүүлэн ажиллахыг эрмэлзэж байгаа.  Москва хотын төлөвлөлтийн хувьд иргэд амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг цөм асуудлыг үндэс болгон хэрэгжүүлж байна. Аливаа хотын ерөнхий төлөвлөгөө нь  эрх зүйн орчин, статистик тоон судалгаа, орон зайн боломж, эдийн засгийн чадавхи гэсэн дөрвөн хүчин зүйлтэй уялддаг. Мөн иргэдийн санал хүсэлтийг цахим хэлбэрээр авч төлөвлөгөөнд тусгах нь чухал. Цаашдаа бид хамтын ажиллагаага өргөжүүлж, бидний зүгээс та бүхэнд мэддэг чаддаг зүйлээрээ туслахад бэлэн байна” гэв.

Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батлахад оролцож байсан, Улаанбаатарт  хэдэнтээ очиж байснаа тоолж байгаагүй гэдгээ хэлсэн тус институтын Орлогч захирал Фадеев Олег Николаевич нийслэлийн хот төлөвлөлтийн талаар саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр “С.Амарсайхан дарга таны хэлсэн Хот байгуулалтын газрын дэргэд Зураг төслийн судалгааны хүрээлэнг өөрчилж, Хот байгуулалт, судалгааны институт болгосон гэдгийг сонсоод би их баярлаж байна. Энэ нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааг зөв тийш нь хандуулах шийдвэр болжээ. Судалгаа тооцоонд үндэслэлгүйгээр хот төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах нь алдаа мадаг гарах үндэслэл болдог. Миний хувьд та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно” хэмээсэн юм.

Ингээд талууд хамтын ажиллагааны шинэчилсэн санамж бичгийг боловсруулан Москва хотод Улаанбаатарын хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчинг тодорхой хугацаагаар сургаж дадлагажуулах, зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ажиллахаар болов

Москва хотын Дум 12 дүүрэг, 125 хороо, 2.55 мянган ам.метр газар нутагтай. Нийт газар нутгийн 54.5 хувийг нь ногоон байгууламж эзэлдэг байна. Хотын Думын хувьд 12 дүүргээс таван жилийн хугацаатай 45 гишүүд сонгогдон ажилладаг.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Москва хотын Думын төлөөлөгчид өөрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг Монголын төлөөлөгчдөд хүргэж, Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монголын төлөөлөгчдийг Думын хурлын танхимтай танилцуулж, Улаанбаатар хотын Захирагч Москва хотын Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Хоёр улсын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх гол ажлын нэг бол хотуудын хамтын ажиллагаа юм” хэмээгээд олон жилийн түүхэн харилцаагаа өргөжүүлэхийн тулд харилцан тодорхой саналуудыг хэрэгжүүлэх, хоёр хотын бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Москва хотын Думын удирдах албаны гишүүд болох Евгений Герасимов “Эх орны дайны хүнд хэцүү цаг үед бидэнд тусалж, түүхэн ялалт байгуулахад томоохон тусламж дэмжлэг үзүүлснийг Москва хотын иргэд дурсан санаж явдаг. Монголын ард түмний бэлэг болох дулаан хувцас, эд хэрэгсэл, хүлэг морьд, хандивын хөрөнгөөр бүтээсэн техник хэрэгсэл дайны ялалтыг манай ард түмэнд авч ирэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлье. Та бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж баяртай байна” гэсэн бол Думын гишүүн, хатагтай Людмила Стевенскова “Бидний зүгээс монгол ахан дүүстэйгээ бүх талаар хамтран ажиллахад таатай байх болно. Та бүхний илэрхийлсэн саналыг бид Москва хотын Думын даргад болон хуралдааны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно” гэснээр уулзалт өндөрлөлөө. 

Эx сурвaлж: Npost.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.113.189)