”Монголын Мистер-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна
“Корпорайт Конвеншн” төвд өнөөдөр эхэлсэн ”Монголын Мистер-2019” улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 гаруй тамирчин 23 ангилалд өрсөлдөж байгаагаар хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байна.
“Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулж тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны төрлийг шинээр нэмж байна. Шилдгээр шалгарсан тамирчид олон улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Манай газар, “Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо” ТББ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Монголын Мистер-2019” УАШТ-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Санамж бичгийн хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубүүдэд даваа-баасан гарагуудад 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байна. Ингэснэр өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-аар нэмэгдсэн” гэв.
Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, “Манай тэмцээндоролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна. Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжтой болно” гэв.