Төсөөллөөс ч хүнд жил айсуй
- Татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо буурсаар байна
- Улсын хэмжээнд нийт 93 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт
Монголын эдийн засаг ирэх онд яах вэ. Энэ асуултын хариулт ихээхэн өөдрөг бус, сөрөг хүлээлт дагуулж байна. Олон улсын санхүүгийн донор байгууллагууд дор бүрнээ өөрсдийн гаргасан таамаглалаа бууруулж, манай улсын дотоодын бүтээгдэхүүнийг өсөлтийг ирэх жил ахин уруудуулаад буй.
Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк, ОУВС тэргүүтэй байгууллагууд өсөлтийн хурд саарахаар байгааг нэмж дуулгасан. Эдийн засгийг сэргээх бус сэвтээх арга хэмжээнүүд зах зухаасаа бизнесийн орчныг доройтуулж эхэлсэн. Тухайлбал, үүнд 2020 оны төсвийн өндөр алдагдал, түүний үр ашиг багатай үрэлгэн зардал орж байгаа юм.
Мөн “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх онд удааширч болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал гарсан. Хэрэв энэхүү төслийн санхүүжилт зогсож, хөрөнгө оруулалтын гэрээнд дахин өөрчлөлт оруулахаар талууд хэлэлцээрийн ширээнд суувал өнөөдрийн төгрөгтэй харьцах ам.долларын ханш яах вэ.
Хамгийн бодит эрсдэл валютын ханшаар дамжин эдийн засагт, иргэдийн амьдралд, улс орны өрсөлдөх чадварт нөлөөлнө гэсэн үг. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2721 төгрөгтэй тэнцлээ.
Ам.доллар төгрөгийн эсрэг бүх цаг үеийнхээ хамгийн дээд цэгт хүрээд байгаа нь энэ. Манай улсын гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.доллартай тэнцэх боловч төгрөгийн ханш улам суларсаар байна.
Азийн хөгжлийн банк ирэх оны ДНБ-ий өсөлтийг зургаан хувиар зурагласан бол Дэлхийн банк, ОУВС үүнээс доогуур үнэлгээ өгч буй. Харин Засгийн газар энэ оны өсөлтийг найман хувиар таамагласан бол ирэх жилийг зургаан хувиар тооцжээ. Бизнесийн орчныг 2020 онд цоо шинэ татварын орчин угтана.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын бизнесийн идэвхжил өнгөрсөн сард огцом суларсныг World Economics байгууллага дүгнэлээ. Бизнесийн идэвхжилд үнэлгээ өгдөг борлуулалтын менежерүүдийн индекс сүүлийн 32 сарын доод түвшинд хүрсэн байна. Цаашдын хүлээлт ямар байгааг өгүүлэх бизнесийн итгэлийн индекс өнгөрсөн сард хамгийн доод түвшин рүү унасан нь энэ.
Төсвийн орлогын ачааны хүндийг хувийн хэвшил үүрч ирсэн.
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны мэдээллээр, ДНБ-ий өсөлт энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, 6.3 хувиар өсөв. Энэ оны хоёрдугаар улиралтай харьцуулахад ДНБ-ий 7.3 хувиас буурч, дээрх түвшинд ирсэн хэрэг. Эдийн засгийн идэвхжил, иргэдийн худалдан авалтыг илэрхийлэх инфляц мөн л буурч, 7.6 хувиар өнөөдөр хэмжигдэж байна.
Валютын ханшаар үүдэн хөөрөгдөх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэдийн орлого, худалдан авах чадвар гүйцэхгүй байгааг эндээс харж болно.
Нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын ээлжит тайлангаа энэ долоо хоногт ҮСХ танилцуулна. Инфляц, хөдөлмөрийн зах зээл, гадаад худалдаа, мөнгөний нийлүүлэлт гээд эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илтгэх гол тоонууд энэ үеэр тодорхой болох юм. Төсвийн орлогын ачааны хүндийг хувийн хэвшил үүрч ирсэн.
Энэ жишгээр тэд 2020 онд багагүй хүндрэлтэй нүүр тулахаар байгаа. Улсын хэмжээнд нийт 93 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Татварын ачаалал, төрийн хүнд суртал, дарамт шахалт, валютын ханш, бизнесийн шударга бус өрсөлдөөн өнөөдөр олон аж ахуйн нэгж үүдээ барихад хүргэж байна.
Б.Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ