Буудлаар үйлчлүүлсэн ч НӨАТ-ын баримтаа нэх!
Орлогоо нуудаг, татвараас зугтдаг “Оля” нарыг бусдынхаа жишгээр зах зээлд өрсөлддөг болгох зорилгоор НӨАТ-ын урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэн ч хууль тэгш үйлчилсэнгүй.
Зочид буудал, саун массаж, баар цэнгээний газруудын орлого үнэн зөвөөр тайланд тусаж, татварт төвлөрч чаддаг уу гэдэг нь өнөөдөр бүрхэг хэвээр байна. Учир нь эдгээр газруудын ихэнх нь үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримт өгдөггүй. Нэхвэл шоолно, нэг бол хялайж харна. Зарим нь бүр “Өнөөдөр машин ажиллахгүй байна. Араас нь НӨАТ-ын баримт илгээе. Гар утасныхаа дугаарыг өгчих” гэж үнэн худал нь үл мэдэгдэх тайлбар хийнэ.
Гэтэл захын гэр хороололд байрлах карокейны цагийн төлбөр дунджаар 10 мянга, зочид буудлын нэг хоногийн төлбөр 50.000 төгрөг. Хотын төв рүү ойртох тусам энэ үнэ өснө. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр хэдэн зочид буудал, карокей, баар цэнгээний газар ажилладаг вэ гэдэг статистик алга. Зөвхөн Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамжинд 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажилладаг тухай мэдээлэл байна. Гэтэл цэнгээний газаргүй, зочид буудалгүй, карокейны газаргүй, саун массажны төвгүй дүүрэг байхгүй. Есөн дүүрэгт энэ бүхэн ажилладаг. Адаглаад л дэн буудал бий. Аймаг, суманд ч ялгаагүй, бүгд ажиллаж, орлогыг хэдэн саяар нь хийдэг.
Цайны газрууд ч татвар төлдөггүй, НӨАТ-ын баримт өгдөггүй, дархан цаазат ангилалд багтаж ирсэн байдаг. Таваг хоол нь хамгийн багадаа 5000 төгрөгөөр үнэлэгдэж, өдөрт зуу, зуугаараа үйлчлүүлж байхад “Орлого муу” гэх үгээр аргалж ирсэн байх жишээтэй.
Гял цал болсон шилэн барилгад байрлах дэлгүүрийн нэг гутал 500.000-1.000000 төгрөгөөр үнэлэгдэж, өдөрт хамгийн багадаа 20 гутал зарсан ч бас л НӨАТ-ын баримт өгөхгүй. Баримт өгөхгүй шалтгаанаа бараагаа хямдруулсан гэж тайлбарлана. Хуульд зааснаар хямдарсан бараанд ч баримт олгох ёстой.
“Наран туул”, “Бөмбөгөр”, “Хархорин” , “Хүчит шонхор” захын наймаачид бас адилхан “Бараа, хүнс борлогдохгүй байна” гэдэг худал зовлон тоочно.
“Теди” зэрэг гар утас, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл зардаг газруудын худалдаачид ч мөн л ялгаагүй үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримт өгч хэвшээгүй. Өдрийн орлого нь халаасандаа багтахгүй хэр нь “Өнөөдөр наймаа муу байна” гэж ёозгүй амлана.
“Наран туул” худалдааны төвийн том гарын наймаачны нэг өдрийн гүйлгээ зарим өдөр зуун сая төгрөг давдаг тухай яриа бий. Хэзээ ч татвар төлж байгаагүй учраас хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ гэдгийг зөвхөн наймаачин болоод гэр бүл нь л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй. Лангуу түрээсэлсэн гэж сард хэдэн төгрөг “Наран туул” захын захиргаанд төлдөг ч түүнийгээ татвар төлсөн ухааны юм ярьж, мэдэн будилна.
Гэтэл хуулиараа орлого олсон л бол нийт дүнгийнх нь 10 хувь татварт суутгагдах ёстой.
Харин Монголын наймаачдад энэ хууль үйлчилдэггүй. Тэр бүү хэл НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд бүтэн гурван жил болсон атал өнөөг хүртэл тэд үйлчлүүлэгчдээ баримт өгч хэвшээгүй.
Одоо харин толгойг нь илэхээ болъё. Үйлчлүүлсэн үйлчилгээ, худалдан авсан бараа, бүтээгдэхүүн бүртээ НӨАТ-ын баримт авдаг бол… Өгөхгүй бол нэх… Зочид буудлаар үйлчлүүлсэн ч баримтаа авч хэвш. Энэ баримт зөвхөн азтан болох, оны эцэст 2 хувийн буцаан олголт авахад ашиглагдах хэрэгсэл биш юм, цаашлаад Монголын далд эдийн засгийг ил болгох, татвар төлдөг нь зах зээлдээ тоглолт хийж, бизнесээ цааш үргэлжлүүлдэг жишиг тогтооход дэмжлэг болох учиртай.
Хэрвээ танд нэхээд байхад НӨАТ-ын баримт олгоогүй бол Цахим төлбөрийн баримтдаа энэ тухай тодорхой бич. Татварын албаныхан таны гомдлын дагуу тухайн газарт хандаж, зөрчлийг арилгуулна. Хамгийн гол нь мэдээлэл үнэн зөв тодорхой байх ёстой аж.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 190 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч татвар төлдөг нь ердөө 40 мянга юм байна. Хэрэв иргэн бүр хуульд заасан эрхээ эдэлж, шаардлага тавьж чадвал татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж чадна. Тэр хэрээр татварын бааз суурь нэмэгдэж, орлого ч өсөж, нийгмийн хэрэгцээ болсон олон асуудлаа шийдвэрлэх боломжтой болно.
Хүн амын өсөлтийг дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих шаардлага үүсэж байгаа. Гэвч төсөвт төвлөрдөг татварын орлого нь энэ бүх эрэлт хэрэгцээг хангахад шаардагдах зардлыг гаргах хэмжээнд төвлөрч чадахгүй байна.
Г.Хорол
Эx сурвaлж: News.mn