80 орчим иргэний мэдээллийг хуурамч оруулж, нийгмийн даатгалаас мөнгө завшиж байжээ
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)-ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн Орлого, шимтгэлийн тагсийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд урьдчилсан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй 80 орчим иргэнийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулж, төд удалгүй устгадаг байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд “Өндөр үнийн дүнтэй шуурхай зээл гаргана” гэсэн зар нэлээд цацагдаж буй бөгөөд үүний цаана төрийн албан тушаалтнууд холбоотой байдгийг ийнхүү хууль сахиулагчид илрүүлсэн аж. Дээрх гурван хүнтэй хамт шуурхай зээл олгодог, гадаад улсын виз мэдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Болорсайхан гэх хүнийг шалгаж байгаа гэнэ.
Хэрэг бүртгэлтийн явцад дээрх албан тушаалтнууд нь арилжааны банкнаас зээл авч буй иргэдэд аж ахуйн нэгжийн албан бланк дээр хуурамчаар цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгснийхөө төлөө хүн тус бүрээс 4-5 сая төгрөгийн шан харамж авч байсан нь тогтоогдсон сурагтай. “У.Хаш-Эрдэнэ, П.Одбаяр, Э.Нямдорж, Болорсайхан нар маш нарийн зохион байгуулалттай ажиллаж, ажил үүргээ хуваарилж аваад Нийгмийн даатгалын мэдээллийн санд хуурамч бүртгэл хийдэг байсан юм билээ” хэмээн тус салбарын мэргэжилтнүүд тодотгосон.
Түүгээр ч зогсохгүй дээрх хүмүүсээр хуурамч баримт бүрдүүлүүлж авсан дээрх 80 орчим иргэн ТҮЦ машинаас тодорхойлолт аваад арилжааны банкуудад аваачиж өгөн нэг нь л гэхэд 30 орчим сая төгрөгийн зээл авсан, бусад хүнтэй хамтран зээлдэгчээр оролцон банкуудад 1.6 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм.
Өдгөө Баянзүрх дүүргийн НДХ-ийн Орлого, шимтгэлийн тагсийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн 23.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй гэнэ.
Г.Рaвжaa
Эx сурвaлж: "Өнөөдөр" сонин