Н.Энхбаяр: Ямар ч сонгуулийн тогтолцоо байсан МАХН сонгуульд идэвхтэй оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.

-Ирэх онд улс төрийн томоохон өрсөлдөөн болох сонгуулийн жил. Аль ч намын хувьд эрх барих хүсэлтэй байдаг. Энэ удаагийн сонгуулийн хууль томсгосон мажоритар системээр явна гэж нэрийдээд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Яривал дуусахгүй том сэдэв. Мэдээж сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй. Монголд Сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн түүхийг эргээд харахад эрх баригч нам өөртөө ашигтай хувилбарыг боддог. Ямар ч хувилбар байсан ард түмэн эцэст нь дүнгээ тавьдаг. Тиймээс эрх баригч нам өөртөө тааруулж нэг хэсэг нь 76, зарим нь У.Хүрэлсүхийн нэр хүндээр 50:26-аар явъя гэж байх шиг байна. Ялангуяа М.Энхболдын талын хүмүүсийг шахах, өөрсдийн талын хүмүүсийг гаргаж ирэхийн тулд иймэрхүү тогтолцоо руу орвол яасан юм гэж байх шиг.

Бидний хувьд энэ Сонгуулийн хуулийн тухай зөв, буруу мэтээр ярихаар биднийг хардах, янз янзаар мушгин гуйвуулах ажиллагаа явагдаж магадгүй. Тиймээс Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Ямар ч хууль гаргасан сонгуульдаа бэлдэж байгаад идэвхтэй орно. Сонгуульд ард иргэд маань санаа бодлоо бас худалдахгүй, айж эмээхгүй, идэвхтэй оролцох байх гэж бодож байна. Тэд сонгуульд идэвхтэй оролцох тусам МАН ялагдана. Ард түмэн үүнийг ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. 2016 оны байдлаар МАН нийт сонгуульд оролцсон хүмүүсийн 40 гаруй хувийн санал авсан боловч УИХ-ын нийт суудлын 80 гаруй хувийг авсан. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоогүй хүмүүс МАН-ыг ийнхүү хэт олонх болж гарч ирэхэд тойруу замаар тус болсон.

Харамсалтай нь МАН 2016 онд амласныхаа эсрэг ажилласан. Үндсэн хуульд халдсан, ЖДҮ, 60 тэрбум, хүн хүчин, Саарал жагсаалт, авто тээврийн хэрэгслийн татварыг тав дахин нэмсэн зэргийг дурдаж болно. Олон хүн угаартаж амь насаа алдсаны өндөр үнэ цэнээр Улаанбаатарт утаа арилгах ажлыг хийж байгаа гээд шүүмжилбэл олон асуудал байна.

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгууль будлиантуулсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял өгсөн. Та ч энэ тухай байр сууриа илэрхийлж "МАН-ыг татан буулгах цаг болсон. Тус нам өнгөрсөн 30 жилд Монголын төрөөр хангалттай тоглолоо" гэж хэлж байсан. Тэр ч үүднээс МАН-ыг татан буулгах санал гаргасан гэж ойлгох уу?

-МАН-ыг татан буулгах асуудлыг бид анх ярьж байгаа юм биш. Ард иргэд энэ талаар санаачилж хөөцөлдөөд нэлээд хэдэн жил болж байна. МАН 60 тэрбум цуглуулж сонгуульд орсоныг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүгд үнэн гэж хэлсэн. Үнэхээр сонгуулийн мөнгийг энэ маягаар босгож орсон нь өөрсдийнх нь хэлж байгаагаар үнэн юм бол хамгийн наад зах нь хууль бусаар сонгогдсон одоогийн УИХ тарах ёстой. 2016 оны сонгууль хүчингүй гэж зарлах ёстой. Хариуцлагатай улс төртэй, эрх зүйн тогтолцоотой улс оронд тухайн намыг ийм хууль бус зүйл хийснийх нь төлөө тараадаг. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахын тод илэрхийлэл. Гэхдээ ганцхан Ц.Сандуй, А.Ганбаатар гэсэн хоёр хүнийг золиосолж шоронд оруулаад өөрсдөө сугарч үлдэнэ гэдэг дэндүү шударга бус. Ингэж өөрсдийгөө цэвэр авч үлдэж байгаа бол энэ хоёр хүн хэлмэгдэж байна гэж хэлэх хэрэгтэй. Нэг, хоёр хүн биш харин бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой байтал хоёр хүний хувь заяагаар тоглоно гэдэг яахын аргагүй хэлмэгдүүлэлт.

Нөгөө талаар Улс төрийн намын тухай хуульд аливаа нам хүч түрэмгийлж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл сая МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхдээ хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа явуулсан. Түүнчлэн аливаа нам цэрэгжсэн зохион байгуулалтад орж болохгүй гэж байгаа. Гэтэл МАН-ын дарга нь Бүх цэргийн нэгдсэн холбооны дарга болчихсон байна. Энэ холбоонд өнөөдөр цэргийн алба хааж байгаа хүмүүс орж байгаа. Цаашилбал аймгийн Засаг дарга нар нь МАН-ын тухайн аймгийн намын дарга нар байдаг. Тэд бүгд Бүх цэргийн нэгдсэн холбооны аймгийн салбар зөвлөлийн дарга болсон. Ингэж МАН цэрэгжсэн зохион байгуулалтад орчихсон байгаа. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т аливаа нам цэрэгжсэн зохион байгуулалтад орвол татан буулгана гээд тодоос тод биччихсэн. МАН татан буугдах үндэслэлээ өөрсдөө хангалттай гаргачихлаа. Эсхүл намыг татан буулгахад хатуудна гэж байгаа бол ядахнаа нэг сонгууль өнжүүлэх хэрэгтэй. ИЗНН-ыг сонгуулийн тайлангаа өгөөгүй нэрийдлээр сонгуульд оруулахгүй гэж хавчиж байгаа мөртлөө МАН-ын болохоор толгойг нь илж өөгшүүлээд байдаг. Нам том, бага байх нь хамаагүй. Нам л бол нам. Хариуцлагыг аль нь ч хүлээдэг байх ёстой. Ялангуяа хоёр том нам хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. Тэгсэн цагт л Монгол даяараа хариуцлага тооцдог болно. Ингэхгүй бол Монголын төр төр биш, нам нам биш, хариуцлага хариуцлага биш болно. Хэдэн хүн попроод л харин ард түмэн золиослогдоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гурван парламент дамжиж яригдсаар энэ парламынтын үед батлагдлаа. Өөрчлөлтөд олон жил тогтворгүй явж ирсэн Засгийн газрыг тогтвортой болгож, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүллээ гэж байна. Хэдийнээс Засаг тогтворгүй ажиллаж эхлэв. Шалтгаан нь юунд байв?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал 1992 оноос хойш яригдсан. 1992 оны Үндсэн хууль болж байна, болохгүй байна, зөв буруу гэх зэргээр. 1999 оны сүүлээр, дараа нь 2000 оны дундуур Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт хийсэн. Хэн нэг хүн дураараа тэр өөрчлөлтийг хийгээгүй. 1996-2000 онуудад “Ардчилсан холбоо” эвсэл төр засгийн эрх мэдлийг авсан. Тэд УИХ-д 50 суудалтай байсан. Гэхдээ дотроо зөрчилтэй байсан учир тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан. Дээр нь Үндсэн хуулийн зарим зүйл заалт тэдний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад учруулж эхэлсэн. 1998 он гэхэд тэд хоорондоо зөрчилдсөөр Засгийн газар нь хэд хэд унаад хямралтай байдал үүссэн. Нэг нам, эвслийн хямрал төр засгийн хямрал болсон. УИХ-ын гишүүн санал өгөхдөө нууцаар өгнө гэсэн зохицуулалтын дагуу “Ардчилсан Холбоо” эвслийн гишүүд нам, эвслийн бодлогоо сөрөн санал өгч Засгийн газраа унагаадаг байсан. Хоёр дахь, гурав дахь ээлжийнхэн “хоолонд орно” гэдэг шүү дээ. Яг л тийм юм болж байсан. Нууц санал хураалт байгаа болохоор хэдийгээр “Ардчилсан Холбоо” эвсэл дээрээ Засгийн газраа хамгаална шүү гэж ярьж тохирдог ч санал өгөхдөө эсрэг өгдөг байсан. Тэрний цаана фракцууд бие биедээ албан тушаалын “авлига” өгдөг байсан. Түүх яривал МАН өнөөдөр албан тушаал худалдсан ч юм биш. “Ардчилсан холбоо” эвсэл 1996 онд байгуулагдсанаасаа хойш фракцууд нь байнга албан тушаал наймаалцаж байсан байхгүй юу. Нууц санал хураалтыг ашиглаад гэдсэндээ хөлөө жийлцэж хэд хэдэн Засгийн газар унагаачихаад бүгдээрээ “би унагаагүй” гэж ярьдаг байсан.

-Тухайн үед МАН цөөнх байсан санагдаж байна. Танай намын хувьд Засаг унагаахад мэдээж оролцож байсан байх...

-МАХН цөөнх байсан учир үйл ажиллагаагаа ил тод явуулдаг байсан. Бид Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газартай хариуцлага тооцож унагаана гэдгээ хэлдэг байсан. Энэ Засгийн газар ийм, ийм алдаа гаргасан гэж. Гэхдээ МАХН 25 суудалтай байсан. Засгийн газар яагаад унадаг байсан гэхээр “Ардчилсан Холбоо” эвслийн 50 гишүүн дотор фракц фракцаараа хуваагдаад нууцаар бид нартай нийлж санал өгдөг байсан. Ингээд Засгийн газар маш тогтворгүй болсон. Явсаар байгаад энэ асуудал “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга цэргийг солих асуудалтай холбогдсон. Дараагийн Ерөнхий сайд болох хүн Эрдэнэтийн даргыг солих уу, үгүй юү гэсэн шалгуурыг давах шаардлагатай болсон шдээ. Ер нь Эрдэнэтийн асуудлаар тохирвол Ерөнхийлөгч Н.Багабанди нэрийг чинь Ерөнхий сайдад оруулна. Тохирохгүй бол оруулахгүй гэсэн улайм цайм хуйвалдаан явагдаж эхэлсэн. Уг нь Засгийн газрын Ерөнхий сайдад олонх болсон нам, эвсэл нэр дэвшүүлдэг зохицуулалттай байсан. Гэтэл Үндсэн хуульд энэ талаар бүрхэг заалт байсныг ашиглаж Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийнх нь болзлыг хүлээж авсан хүнийг Их хуралд оруулна гэдэг болсон. Ингээд Монгол Улсын Засгийн газар бүрдэж чаддаггүй. Үнэн хэрэгтээ Засгийн газаргүй болчихсон. Хууль ёсны Засгийн газар байхгүй бүтэн зургаа, долоон сар болсон. Ерөнхийлөгч Н.Багабанди, олонхыг бүрдүүлж байсан “Ардчилсан Холбоо” эвсэл хоёр үүнийг огт тоохгүй хоорондоо зөрчилдөж, улмаар тэр зөрчил нь Монгол Улсыг улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий зөрчилд оруулсан. Энэ зөрчилдөөн дунд С.Зориг алагдсан.

Цөөнхийн хувьд бид санаа зовж байлаа. Иймээс Ерөнхийлөгч санаатайгаар Засгийн газрыг урт удаан байгуулахгүй байж болдог бусармаг явдлыг зассан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ажлын таван хоногт багтаан Ерөнхийлөгч дуртай ч, дургүй ч Ерөнхий сайдын тухай олонхын гаргасан саналыг УИХ-д оруулна гэж өөрчилсөн. Тэрнээс хойш Засгийн газар шинээр байгуулагдахад таван хоногоос илүү хугацаагаар саад учраагүй. Засгийн газар огцорч байсан, гэхдээ таван хоног дотроо багтаж Үндсэн хуулийн дагуу шинэ Засгийн газар байгуулагдаж байсан. Тэр нэмэлт, өөрчлөлтөөр олонх болсон намын бодлогоор Засгийн газар байгуулагдана гэдэг зарчим тодорхой болсон. Үүнтэй холбогдуулж УИХ-д олонх болсон нам, эвсэл Засгийн газрыг дангаараа байгуулна гэдэг санал давхар явсан.

-2000 оны тэр долоон өөрчлөлтийн зургааг нь сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаж оруулсан гэж байгаа...

-Одоогийн эрх баригчид дордохын долоо гэх өөрчлөлтийг зассан гэж хэлж байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ засаагүй. Харин ч улам гүнзгийрүүлээд УИХ-д олонхын суудал авсан нам, намын даргын эрх мэдлийг мэдлийг нэмэгдүүлээд Засгийн газраар зогсохгүй Парламентыг удирдахад, шүүхийг томилоход оролцдог болгосон. Ингэснээр Засгийн газар хэний ч хяналтгүй нэг хүн дураараа байгуулах ийм зохицуулалттай болчихлоо. Ингэснээр албан тушаалын наймаа хууль ёсны болох, 60 тэрбум 600 тэрбум болох хууль эрх зүйн үндсийг тавьчихлаа. Дордохын долоо гэх өөрчлөлт үнэн хэрэгтээ парламентын засаглалыг бэхжүүлсэн. Харин саяын өөрчлөлтүүд УИХ-д олонх болсон нам төрийн дээр гарч суух боломжтой болгочихсон. Одоо нэг нам Парламент, Засгийн газар, шүүхийг ч удирдахаар болсон. Хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй болсон. Уг нь 1992 оны Үндсэн хуулийн гол ололт намыг төрийн дээр гаргахгүй гэсэн зарчим байсан. Төр засаг намд захирагдахгүй ажиллах философид суурилж бий болсон хууль гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл төр засгийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдлийг хуваарилах онолд тулгуурлан нэг нэгэндээ захирагддаггүй, харин ч нэг нэгийгээ хянах эрх мэдэлтэй Парламент, Засгийн газар, шүүхийг бэхжүүлэх ёстой байсан. Тийм учраас гагцхүү ард түмэн Парламентыг, Засгийн газрыг, шүүхийг сонгож байгуулдаг зөв зохицуулалттай болох ёстой байсныг энэ бүх эрхийг нэг намд өгсөн.

Тухайн үед 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байхдаа Парламентын засаглалыг бэхжүүлэх нь зөв гэж боддог байсан. Харин Монгол Улсын төр засаг, намуудын төлөвшил, хямралыг ажиглаж судлахад Парламентын засаглал гэдэг нь ард түмэнд бүх эрх мэдлийг өгөх ёстой гэсэн ардчиллын суурь зарчимтай зөрчилдсөн засаглалын хэлбэр байна гэдэг нь харагдсан тул Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Засгийн газраа тэргүүлдэг, ард түмэн шүүхийг өөрөө сонгож байгуулдаг засаглалын хэлбэр нь илүү ардчилсан, илүү хариуцлагатай, илүү зөв тогтолцоо мөн юм байна гэж ойлгогдсон. Тийм учир МАХН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал илэрхийлэхдээ Парламентын засаглалыг дэмжсэн долоон өөрчлөлтийг хүчингүй болгох, шинэ Үндсэн хуулийг боловсруулж, түүнд ард түмэн бол төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх үүсвэр мөн, Парламент, Засгийн газар, шүүхийг ард түмэн өөрөө сонгон байгуулж, тэдэнтэй хариуцлага тооцдог байх нь зөв, намыг төр засгийн дээр гаргаж болохгүй, байгалийн баялгийг ард түмний дундын буюу хамтын өмч болгож ядуурлыг арилгах ёстой гэсэн зарчмуудыг тов тодорхой тусгах нь зөв, үүний тулд эдгээр асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулж батлах хэрэгтэй гэсэн байр суурь баримталсан.

Саяын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд бол товчхон хэлэхэд хууль бус нэмэлт өөрчлөлтүүд. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг 73 дугаар тогтоолор баталсан. Ерөнхийлөгч хориг тавингуут УИХ хоригийг хүлээж аваад 73 дугаар тогтоолоо хүчингүй болгосон тухай УИХ-ын 85 дугаар тогтоолыг баталсан. УИХ-ын 73 тогтоол бүхэлдээ хүчингүй болсон учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх бас хүчингүй болсон. Тэгэхээр УИХ хүчингүй болсон цаасыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж үзээд байгаа. Энэ бол хариуцлагагүй, хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа мөн.

-Намын гишүүнчлэлийг Үндсэн хуульд зааж өгөх нь хэр зөв юм бэ?

-Улс төрийн намын гишүүний тоог нарийвчлан тогтоосон зүйл, заалттай Үндсэн хуультай орон дэлхийд байхгүй. МАН, АН хоёр өөрсөддөө тохируулж энэ саналыг оруулсан. МАХН-ын хувьд аливаа нам нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны гишүүнтэй байна гэсэн шалгуурыг давна. Өөр хэдэн нам энэ шалгуурыг давж чадах эсэхийг хэлж чадахгүй. Бид зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодвол дуугүй өнгөрч болно. Гэхдээ энэ зохицуулалт иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байгаа заалт учир бид эсэргүүцэж байгаа юм. 1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санааг хаасан дордуулсан заалт болчихлоо гэж үзэж байна.

Ерөнхийлөгч ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналаа татсан гэж хэлсэн. Гэтэл МАН-ынхан Ерөнхийлөгч саналаа татах эрхгүй мэтээр ярьсан. Тэгвэл УИХ-ын Дэгийн тухай хуульд хууль санаачлагч төслөө хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр МАН-ынхан хууль санаалагчийн татчихсан саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хууль бусаар оруулсан болж байна. Энэ мэтээр МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ Үндсэн хууль, бусад хуулийг олон удаа зөрчсөн байна. Бид ийм байдалтай эвлэрэхгүй. Үндсэн хуулиа хамгаална. Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэцэд хандана.

-Хамгийн сүүлд Оюу толгойтой холбоотой тогтоол гаргасан. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгойн асуудал дээр хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад Дорж гэдэг хүн орон сууцны байртай байж гэж бодъё. Гадаадын хүн ирээд чиний орон сууцыг ашиглаад бизнес хийе гэхээр тэгье гэж. Бизнесийн асуудлыг нь би хариуцъя, тэгэхийн тулд чиний байрыг барьцаалж зээл авна гэж байгаа юм. Гадны хүн 34 хувийг нь чамд өгье, авч байгаа зээлийн 34 хувьд хамаарах хэсгийг чи өөрөө төлнө шүү гэж. Дорж энэ бүхнийг зөвшөөрчээ. Гадаадын хүн дүүгээ авчраад: энэ чамтай ажиллана, чиний байшинг барьцаалж надаас зээл авна. 34 хувьдаа таарсан өрөө өөрөө төлнө шүү гэж барьцаа чанаруулсан байна. Төсөл дампуурвал чиний байр хураагдана гэжээ. Ийм утгагүй гэрээ хийсэн байгаа юм. Гадныханд ямар ч эрсдэл, хохирол байхгүй. Харин манай талд 100 хувийн эрсдэлтэй, хохиролтой гэрээ. Гадаадынхан зард-лаа нэмэгдүүлээд зээлийн хүүгээрээ ашгаа олоод, харин Монголын тал ногдол ашиг авах уу гэхээр зардал нэмэгдээд байна гэж хуурчихаад 2040 оноос нааш ногдол ашгийн тухай битгий ярь гэж байгаа юм. Гадаад тал улам баяжаад байдаг. Ийм л шударга бус гэрээ болсон. Ийм байдлаар XXI зуунд бизнес хийж болохгүй. Иргэд Монголын талыг төлөөлж “Рио Тинто”-той Оюу толгойн асуудлаар гэрээ хийсэн хүмүүс хээл хахууль авсан байж магадгүй. Тэгээгүй бол ийм муу гэрээ хийнэ гэж юу байх вэ дээ. Тэрийг шалгах хэрэгтэй. Хээл хахууль авсан нь тодорхой болвол энэ гэрээ шууд хүчингүй болно. Нөгөө талаар “рио Тинто” компани өөр улс оронд ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэхийг судлах хэрэгтэй. Бөөн зөрчил гаргасан юм байна лээ. Монголыг шулуулахгүй мөлжүүлэхгүй гэсэн гэрээ хийх ёстой.

Өнөөгийн төр засагт Ц.Нямдоржоос авахуулаад тийм муу гэрээ хийх ажлыг удирдан зохион байгуулсан хүмүүс олон байна. Гарын үсэг зурсан С.Баярцогт, Н.Зоригт Л.Гансүхээс нараас илүү хамгийн хортой ажилласан нь Ц.Нямдорж. Гэрээний төсөл дээр ажилласан хүн нь Ц.Нямдорж шүү дээ. Хуулиараа хууль зүйн сайд Засгийн газрын гэрээ, хэлэлцээр хуульд, Монголын ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт гаргаж Засгийн газарт зөвлөдөг үүрэгтэй. Энэ ажлаа хийгээгүй, эсхүл гэрээг харахад Монголын эсрэг ажилласан байдал харагдаж байгаа. Одоо Ц.Нямдоржийн улайрч байгаагаас харахад “рио Тинто”-гийн шахалтад орсон байх өндөр магадлалтай. Цаадуул нь Ц.Нямдоржийг тэгж айлгах, сандаргах юмтай байж магадгүй. Тэд чи хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй гэж хандаж байгаа байх.

“Но”-той учраас улайм цайм Монголын ард түмний ашиг сонирхлын эсрэг яваад байна гэж ойлгогдохоор байгаа юм. Хэлж байгаа үгийг нь сонс л доо. Цээжээрээ хамгаална л гэнэ. Юу гэсэн үг вэ. Зүй нь энэ гэрээг засаж Оюу толгойг Монголдоо буцаан авчрахын тулд үхэн хатан явна гэж хэлэх ёстой биз дээ. Тийм учир Ц.Нямдорж Монголын үндэсний эрх ашгаас урвачихсан хүн гэж хэлж болно. Монголчуудыг айлгахын тулд бүр хачин үлгэр домог зохиож байгаа юм. Галзуу хүний үг үү гэж бодохоор юм ярьсан байна лээ. Өнөөгийн төр засаг “Рио Тинто”-той ширээний ард сууж яриад алдаагаа засах хэрэгтэй. “Рио Тинто” Оюу толгойг хаяж явна гэж байхгүй. Хаяад явсан ч Монгол Улс энэ уурхайг ажиллуулж чадна. Нэг баян хүн бизнесмэн бол ялаа гэж хэлж байсан юм. Алт гэдэг бал бурам. Бизнесмэн ялаа яаж ч хөөгөөд тэр алт болсон бал бурам дээр ирж сууна. Монголд алт зэс байгаа цагт бизнесийнхэн ирнэ. Төр засгийн байгууллага Оюу толгойн талаар шийдвэр гаргавал олон улсын шүүх дээр очно гэж байгаа. Тэгвэл ард түмнээрээ шийдүүлье. Ард түмнийг шүүдэг шүүх дэлхийн аль ч улс оронд байхгүй. Английн төр засаг Европын холбооноос гарах эсэхээ иргэдээсээ асууж, иргэдийнхээ саналын дагуу Европын холбооноос гарах гэж байна. Олон улсын ямар нэгэн шүүх Английн Засгийн газрыг шүүгээгүй. Ард түмэн тухайн улс орны ямар ч асуудлыг шийдэх бүрэн эрхтэй. Тэглээ гээд хэн ч түүнийг шүүхгүй. Оюу толгойн гэрээг яахыг Монголын ард түмнээс асуух хэрэгтэй.

-Дубайн гэрээтэй холбогдуулж асуухад Захиргааны анхан шатны шүүхээс Засгийн газрын захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ тухайд?

-Зөв шүү дээ. Шүүх энэ асуудалд овоо зарчимтай хандсан байна. Цөөн ч гэсэн шударга шүүгч бас байгаа юм байна гэж бодогдсон. Одоо Төр засаг “Дубайн гэрээ” хүчингүй гэдгийг зарлах ёстой.

-МАХН иргэдэд үнэгүй байр олгохоор зарлаж байна гэх мэдээлэл явж байгаа...

-Ямар нэгэн байр тодорхой мөнгөөр босно. Би тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байрны асуудал хурц байсан учраас нийт хүмүүст хамаатайгаар биш гэхэд нэг хэсэг хүнд ашигтай байдлаар шийдэхийг хичээсэн.

Хамгийн эхэнд ахмад дайчдаа харж үзье гэж зарлиг гаргаж энэ төслийг дэмжүүлсэн. Ахмад дайчид улсаас үнэгүй байр авсан. Байртай нь 80 сая төгрөг бэлнээр авсан. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь насаа хайрлахгүй тэмцэж, зүтгэж явсан улс шүү дээ. Харин одоо Монгол Улсын төсөв, орлогын өөр эх үүсвэрүүд нэмэгдсэн тул орон сууцны асуудлыг нийт хүн амд хамаатай байдлаар шийдэх цаг болсон гэж үзэж байгаа. Орон сууцны асуудлыг иргэддээ ээлтэй байдлаар шийдвэрлэвэл улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон олон асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ. Ядуурал, утаа, ажлын байр, эрүүл мэндийн гээд олон асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэнэ. Орон сууцны асуудлыг шийдвэрлэх орлогын эх үүсвэрийн нэг нь Оюу толгойн орд, Таван толгойн орд. Ганцхан Таван толгойн уурхайн төрийн өмчийн компани гэхэд л нэг жилд гоос 700 гаруй тэрбум төгрөгийг төсөвт хуримтлуулдаг. “Оюу толгой”, “Таван толгой”-г ард түмний дундын өмч болгочихвол тэндээс мөнгөний эх үүсвэрийг нь аваад байр орон сууцны асуудлыг шийдэх, өрх бүрийг орон сууцтай болгох бололцоо байна гэсэн тооцоо байгаа.

Гэхдээ үнэгүй биш. 100 сая төгрөгийн байр байлаа гэж бодоход 40 жилийн турш бага багаар нь төлнө. Сар бүр. Тэр орон сууцны байрны хэмжээнээс шалтгаалаад 130-190 орчим мянган төгрөг. Урьдчилгаа 30 хувь төлөхгүй. Банкны зээлийн хүү гэж байхгүй. Харин тухайн айл өрхийнхөн ажил хөдөлмөр эрхлээд олсон орлогоосоо нэг сард 130-190 мянга төгрөгийг 40 жилийн хугацаанд төлж байгаад байраа өмчилж авна. МАХН УИХ-ын сонгуульд ялж олонх болвол энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Олон мянган хүмүүс талархаж бидэнд хандаж бүртгүүлж байгаа. Уг нь Засгийн газарт хүсэл байвал энэ асуудлыг одоо ч гэсэн шийдэж болно шдээ. Тийм учир бид Ерөнхий сайдад хандаж энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд цаг алдалгүй хамтран ажиллая гэсэн. Харамсалтай нь хариу өгөхгүй байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгчид өрийнх амлалтыг сануулж байгаа. Өөрөө АН-тай хамтран амласан. Амлах амлахдаа бүр иргэдийн бүх өрийг дарна гэсэн. Тэгвэл бид түүнд тусалъя гэж бодсон.

Эхлээд тэтгэврийн үндсэн өрийг хүүтэй нь тэглэчихье гэсэн санал тавьсан. Тэтгэвэр гэдэг чинь тухайн хүн 20-иос доошгүй жил ажиллахдаа цуглуулсан мөнгө. Өөрийнх нь мөнгө. Гэтэл банкууд хүний өөрийнх мөнгийг хүнд нь зээлж байгаа. Бүр өндөр хүүтэйгээр. Өөрийнхөө мөнгийг банкнаас зээлж авна гэж байж болохгүй. Түүнчлэн цалингийн зээлийн хүүг тэглэж гэж байгаа. Тийм эх үүсвэр байна. Түүнчлэн Монголбанкны зургаан хувийн хүү, арилжааны банкны хоёр хувийн хүүг болиулаад төр засгаас орон сууцны зээлийг хүүгүй өгвөл ипотекийн зээлийн хүүг тэглэх боломжтой. Арванхоёрдугаар сарын 20 хүртэл орон сууцны бүртгэл, тэтгэврийн зээлийн бүртгэл, цалингийн зээлийн бүртгэлийг МАХН-ын төв байранд, эсхүл дүүргүүдийн намын байранд, түүнчлэн онлайн байдлаар хийж байгаа.

Мөн тэтгэврийн үндсэн зээл, хүүгээ тэглүүлье, цалингийн зээлийн хүүг тэглүүлье, ипотекийн зээлийн хүүг тэглүүүлье, энэ хүртэл хугацаанд ипотекийн зээлийн хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлийн төлбөрт бичүүлье гэж бодож байгаа хүмүүс амжиж бүртгүүлээрэй. Бид бүртгүүлсэн хүмүүст батламж гардуулж байгаа. Монголчууд маань одоо аль нэгэн намыг биш амьдралаа бодох хэрэгтэй гэж хэлэх байна даа.

-О.Баасанхүү гишүүн танай намд байгаа юу. Танай намаас нэр дэвших үү?

-Онолын хувьд МАХН-ын гишүүн хэн ч намаас нэр дэвшиж болно. Харин өөрөө нам руугаа, журмын нөхөд рүүгээ их дайрч, шавар шавхай цацсан. Бодлогын асуудлаар байр суурь зөрсөн. Тухайлбал, Эрдэнэтийн сонгогчид Эрдэнэтийн 49 хувийг төр засагт буцааж авч өгөх ёстой гэсэн байр суурь баримталж бидэнд захиа даалгавар өгсөн. МАХН Эрдэнэтийн сонгогчдын энэ захиа даалгаврыг биелүүлэхийн тулд Эрдэнэтийн 49 хувийг төр засагт буцааж авах ёстой гэсэн байр суурийг хатуу баримталсан. Харамсалтай нь О.Баасанхүү энэ талаар эсрэг байр суурь баримталсан. Харин сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцсэнийг ажигласан. Ер нь МАХН-аас УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших асуудлыг намын Бага чуулган эцэслэн шийдвэрлэнэ.

-УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн асуудал юу болж байна вэ. Яг ямар шалтгаанаар хорьчихов?

-Насанд хүрээгүй охиныг нь ганцааранг нь гэрт нь үлдээгээд ээжийг нь хорьчихсон. Уг нь насанд хүрээгүй охинтой байвал хорих битгий хэл ял ч өгдөггүй. Шударга бус шүүгчид маш муухай харгис шийдвэр гаргасан. З.Баянсэлэнгийг яагаад буруутгаад байна гэвэл тендер зарлаагүй юм гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ тендер зарлах аргагүй юм билээ. Засгийн газрын тогтоол гарахдаа “Бэрэн” компанийг нэр заагаад түүний барьсан 223 айлын орон сууцыг ард иргэдэд түрээсээр өг гэдэг шийдвэр гарчихсан. Харин тендер зарласан бол “Бэрэн”-гээс өөр компани тендерт ялж магадгүй. Тэгвэл Засгийн газрын тогтоолыг зөрчиж өөр компанитай хуйвалдсан гээд буруутгагдана.

Хоёрт, байрыг “Бэрэн” компаниас өндөр үнэтэй авсан гэж байгаа гэсэн. Энэ тухай шийдвэрийг З.Баянсэлэнгэ гаргадаггүй. Харин Сангийн яам гаргадаг. Сангийн яам ийм шийдвэр гаргаад мөнгийг шууд “Бэрэн” компанид өгсөн юм байна лээ. Гэхдээ байруудыг төрийн өмчид бүртгэж авсан. З.Баянсэлэнгэ, эсхүл хэн нэгэн хүн байр хувьдаа аваагүй. Олон зуун айл өрх орон сууцанд орж түрээсийн мөнгө төлж байгаа. Төрийн өмчид хэвээрээ үлдсэн, төр засаг түрээсний мөнгийг аваад зарцуулсан мөнгөө тодорхой хугацааны дараа нөхөөд ашиг хийх бололцоотой. Оюу толгойн муу гэрээг бодвол харин ч улсад, иргэдэд ашигтай ажил болсон байгаа юм. Гэтэл гэмгүй хүнийг, Засгийн газрын тогтоолыг биелүүлсэн хүнийг, мөнгө захиран зарцуулах эрхгүй хүнийг, улсын өмчид байр авч, олон зуун өрхийг орон сууцтай болгосон хүнийг заавал гэмт хэрэгтэн болгох гээд байгаа юм. Энэний цаана эрх баригчдын захиалга байна гэж харагдаж байгаа юм. Цаад санаа нь МАХН сонгуульд ялж магадгүй, тийм учир МАХН-ынхныг ямар нэг байдлаар хэрэг төвөгт холбогдуулж олон түмэнд буруугаар ойлгуулах гэж оролдож байна.

-Зам ашигласны төлбөр тав дахин нэмэхийг эсэргүүцэж жагсаал болоход МАХН оролцсон. Энэ тухайд?

-Монголд приус машингүй айл өрх байхгүй. Бүгдээрээ зээлтэй, өндөр хүүгийн дарамтанд байгаа. МАН-ын эрх баригчид тэд машингүй амьдарч чадахгүйг нь мэдээд тав дахин нэмж байна. Тэд ийм бусармаг ажиллагаагаа агаарын бохирдол багасгаж байна, гудамжны түгжрэлийг арилгаж байна гэх мэтээр ярьж тайлбарлаж байна. Шуудхан хэлэхэд энэ бол МАН-ынхны ирэх жилийн сонгуулийн мөнгөө босгох гэсэн хууль бус ажиллагаа. Энэ буруу шийдвэрээ нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Ядарсан ард түмнээ ингэж дарамтлахаа болих хэрэгтэй.

Эx сурвaлж: Өдрийн сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.141)