​Трампын хүү Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсаныхаа дараа Монголд "аргаль" агнах зөвшөөрөл авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Доналд Трамп Жуниор өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад хүүгийн хамтаар аялсан юм. Тэрээр тухайн үед өөрийн инстаграмм хуудсандаа Монголд хийж буй аяллынхаа тухай зураг оруулж, хүүгийн хамтаар байгалийн сайханд мартагдашгүй аялал хийж, олон туршлага хуримтлуулсан талаараа хуваалцаж байв.

Тэгвэл Доналд Трамп Жуниор энэхүү аяллынхаа үеэр Улаан номонд бүртгэгдсэн аргалийг агнасан мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр цацагдаж, шуугиан дэгдээгээд байна. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй эрэн сурвалжлах сэтгүүлзүйн, ашгийн бус “ProPublica” байгууллагын мэдээлснээр Доналд Трамп Жуниор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсаны дараагаар түүнд ховордсон амьтныг агнах зөвшөөрөл олгосон байна.  

Тус агентлагийн мэдээлснээр түүний Монгол Улсад хийсэн аяллыг Америк болон Монголын аюулгүй алба дагалдан явсан аж. Мөн аргаль гэх амьтны урт эврийг Монголчууд үндэсний баялагт тооцдог. Энэхүү амьтныг агнах зөвшөөрөл олж авахад ямар ч тохиолдолд их хэмжээний мөнгө болон улс төрийн нөлөө шаардлагатай болдог. Бага Трампыг дагалдсан хүмүүсийн мэдээлснээр тэрээр шөнийн цагаар лазерын хараатай винтов буугаар аргалийг агнасан байна. Тухайн үед нутгийн хөтөч түүний хөнөөсөн аргалийг агнасан газар нь эвдэж, янзлах хэрэггүй гэж зөвлөснөөр аргалийн эвэр, үсийг гэмтээхгүйн тулд тусгай хөнгөн цагаан хавтангаар зөөвөрлөсөн байна. Үүгээр зогсохгүй тэрээр уг аяллынхаа үеэр мөн л агнах зөвшөөрөл олж авахад хэцүү улаан бугыг агнасан аж.

Бага Трампын Монголд хийсэн аяллаас ердөө нэг сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд айлчилж Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан юм. Энэ үеэр АНУ-ын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан "боломжтой бол хүүгийнх нь аялалд онцгой анхаарал хандуулахыг" хүссэн гэж эх сурвалжууд мэдээлсэн нь энэ асуудлыг олны анхааралд оруулж байгаа гол өнцөг болжээ.

Энэ талаар Америкийн хэвлэлүүд болон олон нийт Доналд Трамп Цагаан ордныг тэргүүлэх болсноос хойш гадаад улсад манай албаны хүмүүс энэ төрлийн ёс зүйгүй үйл ажиллагаанд ихээр оролцох боллоо гэсэн байр суурийг илэрхийлжээ. Амьтдын эрхийг хамгаалагчид болон байгаль хамгаалагчид бага Трампын энэхүү үйлдэлд хурцаар шүүмжлэлтэй хандаж байна. Хамгийн гол нь Доналд Трамп Жуниор Монгол Улсад агнасан амьтдын толгойг эх орон руугаа авч явсан байна. Тус улсын хуульд гаднын улсад агнасан амьтны толгойг импортлохыг зөвшөөрдөг аж.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү асуудалд өөрийн хүү нь холбогдсон гэдгээс үл хамааран уг үйлдлийг “аймшгийн шоу” гэжээ. Гэсэн ч түүний засаг захиргаа 2017 онд өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед ангийн олзыг импортлох үйлдэлд тавьсан хоригийг хүчтэй эсэргүүцэн цуцалж байсан юм. Тухайн үед Трампын засаг захиргаа ангийн олзыг импортлон оруулж ирэх нь тухайн анчинд бахархал болдог гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: Itoim.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.45.238)