Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья
Цахим тооцоо, гүйлгээний шийдлүүд улам хялбар болсоор байгаа орчин үед цаасан мөнгө хэтэвчинд явах нь ховор үзэгдэл болоод байна. Хүүхэд байхад аав, ээжийнхээ дэлгүүрээс авсан хариулт, шинэ жилийн гацууран дээр цугласан мөнгөнүүдийг шилэн гахайндаа хийчихээд дүүрэхээр нь баяртай нь аргагүй хагалдаг байж билээ. Одоо хүүхдүүддээ, өөртөө мөнгөний гахай худалдан авсан ч түүндээ хийх бэлэн мөнгө тэр бүр байдаггүй болж. Гар утас л байхад банкны карт хүртэл хэрэглээнээс гарах шахаж байгаа шуурхай шийдлүүдийг яалтай ч билээ. Хаа нэг дэлгүүрээс бэлэн мөнгөөр юм худалдаж аваад хариултанд нь ирсэн 500, 100, 50, 20-тын дэвсгэртүүдийг энд тэнд халаасандаа хийгээд мартаад угааж орхино, эсвэл хөглөрүүлсээр алга хийчихнэ. Тэгвэл хариулт бутархай мөнгөө орчин үеийн технологийн шийдэлд нийцүүлэн дансандаа хуримтлуулах боломж бидэнд байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний гахайгаа цахим хэлбэрт шилжүүлчихэж болдог болжээ.
Автомат хуримтлалын санааг одоогоос хоёроос гурван жилийн өмнө гадаадын банкууд идэвхтэй ашиглаж эхэлсэн байдаг. Банкны картаараа тооцоо хийх, эсвэл хэрэглээний зээл, төлбөрөө төлөхөд таны дансан дахь мөнгийг тэгшитгэн үлдээгээд, задгай мөнгийг нь автоматаар хадгаламж руу нь шилжүүлчихнэ гэсэн үг. Анх Америкад нэвтэрч эхэлсэн “Задгай мөнгөө хадгал” нэртэй энэхүү аргыг олон банк гүйлгээндээ нэвтрүүлээд байна. Харин өдөр, цаг, мөнгөний хэмжээ, орлогын хувиар тооцоолон харилцах данснаас нь хуримтлалын данс руу нь автоматаар шилжүүлэг хийдэг үйлчилгээг манай улсын бүх арилжааны банк үзүүлж байгаа. Цалингаасаа сар бүр тодорхой орлогыг хадгаламжиндаа автоматаар шилжүүлчихдэг үйлчилгээг бид өргөн хэрэглэж байна. Тэгвэл дээр дурдсан хариулт мөнгөний хуримтлал буюу задгай мөнгөө цуглуулах технологийг одоогоор Төрийн банк санал болгоод байгаа. Задгай мөнгөний автомат хуримтлалын үйлчилгээгээр таны картаараа худалдан авсан төлбөрүүд, данснаасаа хэрэглээний төлбөр хийсэн гүйлгээ болон зээл төлөлтөөр төлж байгаа бүхий л гүйлгээнээс таны сонгосон бүхэлчлэлээр зөрүү мөнгө тооцогдож таны данснаас хуримтлалын хадгаламж руу автоматаар шилждэг байна. Жишээ нь та картаар хийх худалдан авалтаасаа мянгачлах нөхцөлөөр хуримтлал үүсгэхээр сонгосон бол таны 12277 төгрөгийн худалдан авалтын гүйлгээ хийгдэхэд банк автоматаар 13000-д тэгшитгэн тооцож зөрүү 733 төгрөгийг хуримтлалын данс руу нь шилжүүлчихнэ гэсэн үг. Мянгачлах, таван мянгачлах, арван мянгачлах гээд гурван сонголтоос сонгоод зөрүүгээ хадгалаад байж болох нь ээ. Үнэндээ данснаас гарч байгаа 12277 болон 13000 төгрөгийн хооронд тухайн цаг үед тийм ч их ялгаа мэдрэгдэхгүй. Харин гүйлгээ болгоны зөрүү болох бутархай мөнгөнүүд нь нийлсээр хуримтлалыг тань өсгөсөөр байх болно гэсэн үг. Дуслыг хураавал далай гэдэг дээ.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин