300 гаруй залуу эрдэмтэд чуулж байна
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтэнд туслах, тэдгээрийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор анх 2004 онд албан ёсоор үүсгэн байгуулагдаж байсан. Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН” сэдвийн дор явагдаж буй тус чуулга уулзалтад нийслэл, хөдөө орон нутгийг хамруулсан салбар холбоодын төлөөлөл бүхий залуу эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, мөн шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад, дунд үеийн эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд болох 300 гаруй зочид төлөөлөгчид чуулж байна.