Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ?
Монгол эмээ гэхээр л араг үүрч савар барьж, толгойдоо алчуур зангидаж, хуучирч гандсан дээл өмссөн гундуухан хэрнээ амгалан дүр төрх нүдэнд бууна. Эсвэл үр ачаа тойруулж суулгаад ээзгий ааруул өрж, нүүрэндээ баясал жаргал дүүргэсэн өөдрөг дүр төсөөлдөг. Гэвч нийгмийн өөрчлөлт, суурьшил, иргэншлийг дагаад эмээ нарын маань амьдралын хэвшил, төрх байдал өөрчлөгдчихөөд байна. Залуу нас, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсны эцэст хэнд ч хэрэггүй мэт хаягддаг хөөрхийлөлтэй хувь заяа Монголын ахмадуудыг угтдаг болжээ.
Төр, засгаас тэднийг дэмжих олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн амлаж, тусгайлсан хууль баталсан боловч байдал өөрчлөгдсөнгүй. Нийгэм даяараа тэднийг үл тооно. Тэтгэвэрт гарсан бол гэртээ сууж, хорвоогийн жамыг хүлээх ёстой мэт хандана. Бие нь өвдвөл эм дөхүүлж, хэдэн хоног эмнэлэгт хэвтүүлснийгээ ачийг нь хариуллаа хэмээн андуурна. Гэвч тэтгэвэртээ гараад дассан ажил, хамт олноосоо хөндийрсөн ахмадууд сэтгэл дотроо юу бодож, юу хийхийг хүсдэгийг төр засаг, төрүүлсэн үрс нь асуудаггүй. Залуу насны хөдөлмөрөө зориулан бүтээсэн нийгэм, орчинд нь одоо амьдарч буй залуу үе нь тэднийгээ ад шоо үзнэ. Яг ийм байдалтай Монголын эмээ нар олон жилийг үдлээ.
Манай улсын таван өрх тутмын нэг нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 болон түүнээс дээш насны эрэгтэй өрхийн тэргүүнтэй гэсэн судалгаа гарчээ. “Гэртээ ганцаараа байх үнэхээр хэцүү. Ярих хүн байхгүй, уйдна. Хамт нэг хүүхэд байсан ч утас, компьютероор тоглоод намайг тоохгүй. Өдөр өнгөрөхгүй, элдэв муухай зүйл бодогдоод хэцүү байдаг. Хүүхдүүдээсээ хол ганцаараа байж байгаад үхчихвэл хэн ч мэдэхгүй олон хонох вий гэж айна. Хүүхдүүд гэрт ирдэг ч тус тусдаа утсаа оролдоод суучихна. Намайг тоож, ярьдаггүй. Жижиг хүүхдүүд нь эмээ унт гэж хэлнэ. Тэгээд би чинь өрөөндөө ороод шаналаад суучихдаг” хэмээн нулимс дуслуулан ярих С.Удвал гуай өдгөө 79 настай. Тэрээр зургаан хүүхэдтэй учир 50 настай тэтгэвэрт гарснаасаа хойш Багануур дүүрэгт амьдарчээ. Энэ хугацаандаа Улаан загалмайн сайн дурын үйл ажиллагаанд оролцож, урлаг соёлын хөтөлбөрт хамрагдан олон найз нөхөдтэй болж цагийг зугаатай өнгөрөөдөг байв. Тэтгэвэрт гараад удаагүй байхдаа ажил хийх хүсэл байсан боловч түүнийг авах газар олдоогүй аж. Харин 57 насандаа ханиа алдсаны дараа хөдөө гэртээ ганцаар үлдэв. Энэ хугацаанд өнгөрсөн амьдрал, үр хүүхдэдээ санаа зовнин сэтгэл зүйн хувьд хүндхэн өдрүүдийг элээжээ. Сэтгэл дотроо ийн шаналж, цөхөрч суусан түүнийг халамжлах тогтолцоо байхгүй Монголын төрд гомдож явдаг тухайгаа ярина лээ. Тэрээр “Хүний тооноос хасагдсан эдгээр он жилүүдийн зовлонг Ахмадын өдөр өнжүүлэх төвд ирснээр бага ч гэсэн мартсан” гэв.
Харж хандах хүнгүй ахмадуудыг бүтэн өдрийн турш асарч, үеийн нөхөдтэйгөө ярилцах, ном унших, тоглоом тоглож өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог Ахмадын өдөр өнжүүлэх төв Улаанбаатар хотод ганцхан бий. Тохилог зөөлөн буйдан, том зурагт, олон төрлийн автомат тоглоом, цэвэр нямбай будсан зурагт ном дэлгэсэн ширээ бүхий өрөө биднийг угтсан нь Монгол, Японы хамтарсан “Инами Медикал Монгол” япон хэв маягийн ахмадын өдөр өнжүүлэх төв байв. Ахмадууд өглөөний 10:00-16:00 цаг хүртэл энэ төвд гэртээ байгаа мэт халамжийг мэдэрнэ. Хичээл зүтгэл, хөлс хүч, хөдөлмөрөө улс орныхоо сайн сайхны төлөө зориулсны эцэст төрийн халамжаас гарч, хүний тооноос хасагдсан тэдэнд санаа зовнисон нэгэн болох Японы иргэн, сувилагч бүсгүй энэ төвийг байгуулжээ. Харь нутгийн хүн тэрээр дотроо шаналсан ч түүнийгээ илэрхийлэх чадваргүй эмзэг мэдрэмтгий ахмадуудын сэтгэлийн зовлонг нимгэлэх гэсэндээ ийн ажиллаж байна.
Өндөр настан С.Удвал “Энд ирээд тоглоом тоглож, өнгө ялгаж будаж, үсэг цээжлэхээр элдэв зүйл бодогдохгүй, гэртээ байгаа мэт дотно байдаг. Гэхдээ сарын төлбөр нь 250 мянга. Миний тэтгэвэр 320 мянга. Үлдсэн мөнгөөрөө эм авна. Заримдаа эмээ авч хүрэхгүй хүүхдүүдээсээ мөнгө авна. Аль болох хүүхдээ зовоохгүйг хичээдэг. Төв аймгийн Эрдэнэ суманд харьяалалтай болохоор улсын эмнэлэгт үзүүлж чадахгүй хувийн эмнэлэгт очдог. Биднийг хөгжүүлэх, асрах ийм төв улс бариад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг болбол сайн сан. Санхүүгийн асуудлаас энд ирж чадахгүй ганцаардаж, шаналж буй олон ахмад бий. Мөнгө хүрэхгүй болохоор хагас сар яваад гэртээ суух нь“ гэж гомдол дагуулсан харцаар гуниглангуй хэлэв.
Сэтгэл зүрхийг нь сонсдоггүй шигээ төр иргэдээ залуу насанд нь хөдөлмөрийг нь мөлжиж, татвар татаж ашиглачихаад өтөл насанд нь хаяж, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг орхигдуулж, хүний тооноос хассаны баталгаа нь С.Удвал гуай юм.
Монголд тэтгэврийн насныхан дунджаар 372 мянган төгрөг авдаг. Гэвч тэдний дийлэнх нь зээл авч, тэтгэврээ зөвхөн эмчилгээний зардалдаа зарцуулдаг нь манай нийгмийн хэвийн үзэгдэл. Тэгвэл төрдөө хаягдаж, гэртээ ганцаардан, үхлийн тухай бодож өдрийг өнгөрөөдөг ахмадууд энэ төвд ирээд сэтгэлийн шаналал, сөрөг бодлоо мартдаг аж.
Энэ талаар өдөр өнжүүлэх төвийн гүйцэтгэх захирал, сувилагч Ичибаяа Казүми ”Гэртээ харах хүнгүй, гэрийнхэн нь ажил хийдэг, эсвэл ганцаараа амьдардаг ахмадууд манайд ирдэг. Тэднийг харахад зүгээр боловч ихэнх нь мартамхай, уймраа болсон байдаг. Тэднээс “Энд ирээд өдрийг санаа амар хөгжилтэй өнгөрөөлөө”, “Ээж аавыг минь халамжилдагт баярлалаа” гэх урмын үг сонсох нь бидний зорилго” гэсэн юм.
Манай улсад хуулийн дагуу 60 болон түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэйг ахмад настан гэж үздэг. Гэтэл Япон улсын иргэд 60 насандаа тэтгэвэрт гардаг. Улмаар тус улсын бие эрүүл, ухаан саруул ахмадууд нь сайн дурын ажилд оролцох, сүлжээ дэлгүүрт сагс зөөх, зам газарчлах, эмнэлэг, үйлчилгээний байгууллагад угтагч гэсэн биеийн хүч үл шаардах ажил хийдэг байна. Учир нь ахмад настан гэртээ ганцаар ажил хийхгүй, хүмүүстэй харилцахгүй, тархи нь ажиллахгүй болохоор бие нь амархан өвддөг болохыг япончууд судлаад тогтоочихсон нь тэр. Харин ажил хийх боломжгүй бусад нь өдөр өнжүүлэх төвд байрлаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлдэг аж. Нэг жилийн хугацаанд энэ төвд 30 гаруй хүн ирсэн байна. Харамсалтай нь санхүүгийн асуудлаас үүдэн ирж чадахгүй байгаа хэчнээн тооны ахмад настан аль нэг сум, хороо, тосгонд гэртээ ганцаар шаналан, үхэх өдрөө хүлээж суугааг бид мэдэхгүй. Бидэнтэй ярилцсан С.Удвал гуайгаас бусад үйлчлүүлэгчийн хувьд “Өөрийн санаа бодлоо бусдад илэрхийлж чадахгүй, ямар нэгэн зүйл асуусан ч хариулт өгөх чадваргүй” хэмээн асрагч нар нь хэлсэн юм.
Харин гэртээ суудаг 74 настай Ц.Сэлэнгэ “55 настай тэтгэвэрт гараад хийх зүйл олдохгүй, яах учраа олохгүй хэсэг явсан. Ажилд орьё гэхээр нас, зүс харна. “Тэтгэвэртээ гарчихаад гэртээ суу” гэж хэлнэ. Тэгээд гэртээ ганцаараа өдөр хоногийг элээж байна даа. Ганцаар байхаар хүн хэзээ үхэх тухайгаа боддог юм билээ. Үеийн ахмадуудтайгаа уулзаж, сэтгэлээ уудлан ярилцахыг хүсдэг. Гэвч боломж олдохгүй юм. Хүүхдүүд хааяа нэг амьд эсэхийг минь шалгаж буй мэт утсаар ярьдаг” хэмээн хоолой зангируулан ярив.
Энэ оны байдлаар манай улсад бүртгэлтэй 300 мянга гаруй ахмад настан бий. Тэдний 70 орчим хувь нь “Ажил хийх сонирхолтой” гэсэн судалгааг Ахмадын холбооноос гаргажээ. Угтаа энэ нь тэд дан ганц эдийн засгийн хэрэгцээгээ хангах бус ганцаардлаас өөрсдийгөө хамгаалж буй нэг арга юм. Үүнийг Монголын Ахмадын холбооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн “Ахмад настанд гэртээ ганцаараа уйдахаас сэргийлж сэтгэл санааг нь өөдрөг байлгах өдрийн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Тэд сонин, ном унших, түүх намтар болон амьдралд тохиолдсон сонирхолтой, бэрхшээлтэй, хойч үед сургамж болох зүйлийг бичих, тоглоом тоглох, дуулж бүжиглэж өдрийг өнгөрүүлэх нь чухал. Олон жил ажилласан хүн тэтгэвэрт гараад зурагт үзэхээс өөр зүйл хийхгүй бол хүнд цохилтод орно. Тэднийг сэтгэл зүйн дарамтад оруулахгүйн тулд ажлын байр бий болгох хэрэгтэй. Ахмадуудын дадлага, туршлагыг ашиглах нь зөв” гэж тайлбарлав. Тус холбооны ерөнхийлөгч 66, дэд ерөнхийлөгч 63, мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн өөрөө 62 настай аж.
Бусад орны туршлагаас харахад ахмадын насжилт, хөдөлмөрлөх боломж, эрүүл мэндийн байдал зэргээр нь гурав ангилан тэдэнд тохирсон нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулдаг нь зөв зүйтэй юм. Тухайлбал, 60-74 насныхныг “залуухан” ахмад настан гэж ангилан хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхэд нь зохих дэмжлэгийг үзүүлдэг бол 75-84 насныхныг “ахимаг” ахмад настан гэж өдөр өнжүүлэх буюу тэдэнд сэтгэл санааг нь өөдрөг байлгах үйлчилгээнд хамруулдаг байна. Харин 85 ба түүнээс дээш насныхныг “өндөр” ахмад настан гээд гэр орондоо ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд анхаардаг уламжлал тогтжээ.
Мөн Солонгос улс тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг цагийн ажлаар хангаж, бусад ажилтантай ижил хөлс өгдөг бол Европын орнууд тэтгэвэрт гарахад нь нөхөн олговор олгож, эдийн засгийн хувьд сэтгэл хангалуун байлгаж чаддаг талаар олон улсад жишиг болгон ярьдаг. Тиймдээ ч тус улсын эмээ нар тэтгэвэртээ гараад хүссэн орон руугаа аялж, хүн болж төрснийхөө утга учир, аз жаргалыг мэдэрдэг байна. Монголд харамсалтай нь аль нь ч алга.
Манай улсад 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг баталсан. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2017 онд энэ хуулийг шинэчлэн найруулсан. Дөрвөн бүлэг 17 зүйлтэй энэ хуульд тэднийг асарч халамжлах талаар олон заалт бүхий бүлэг бий. Тухайлбал, хуулийн тавдугаар зүйлд “Ахмад настныг нийгмийн амьдралд тэгш оролцуулах, хөгжих, нийгмийн дунд эрүүл, идэвхтэй амьдрах, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх боломжоор хангахад төр анхааран ажиллана” гэжээ. Шинэ хууль батлагдаад хоёр жил болсон ч хэрэгжилт алга. Шимийг нь хүртэх ёстой ахмадууд нь хууль батлагдсныг ч мэдээгүй явна. Өнгөрсөн онд Монголын ахмадын холбооноос 200 гаруй байгууллагын 1130 ахмад настныг хамруулан судалгаа авахад 82 хувь нь “Ахмад настны тухай хууль” гэж байдгийг мэдэхгүй, судлаагүй, байдаг гэж сонссон” гэж хариулжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 112.1-т “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, Ахмад настны тухай хуулийн 6.3-т “Ахмад настан нь хүсэл сонирхол, эрүүл мэнд, мэдлэг чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй” гэсэн заалттай.
Ахмадуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмждэг талаар ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Норжмаагаас асуухад “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төрийн захиргааны дөрвөн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс энэ хөтөлбөрт хамрагддаг. Жишээ нь тэтгэвэртээ гарсан багш хүн нэг цагийн 3500 төгрөгөөр зөвлөх үйлчилгээ үзүүлж болно. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрт 1527 хүнийг хамруулж 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар 741 ахмад настан хамрагдаж 933 сая төгрөг зарцуулж төлөвлөгөөний 63 хувь нь биелсэн” гэсэн юм. Мөн “Нийт ахмадын хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлдэг, тэдэнд тохирсон ямар ажил байгааг мэдэхэд хэцүү. Үндэсний статистикийн хорооны 2018 оны судалгаа бий” гэв.
Дөрвөн салбарын ахмадуудад ажил олгоход төрөөс жил бүр нэг тэрбум гаруй төгрөг зарцуулдаг ч бидний нүдэнд ил үзэгдэх үр дүн гэх зүйл алга. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг гэсэн атлаа хэдэн ахмад хөдөлмөр эрхэлж байгаа, тэдэнд ямар ажил тохирох талаар судалгаа хийгээгүй нь хачирхалтай. Ахмадуудын нийгмийн хөгжил, оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг хариуцдаг яам нь тэдний хүсэл сонирхлын талаар судалгаа хийгээгүй атлаа тэднийг хөгжүүлэх хөтөлбөрт жилдээ 1.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өөрөө асуудал. Бодит байдал дээр хэчнээн хүнд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй хэдэн тоо хэлээд суух нь ичгэвтэр. Тэрхүү мөнгөөрөө урьтаад ганц ч байтугай өдөр өнжүүлэх төв барьчихсан бол цөөн боловч ахмадын сэтгэлийн хүлээсийг тайлах байсан биз.
Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ. Судалгаагаар төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү байгаа нь, нийт хүн амд эзлэх ахмадын тоо 2045 онд 950 мянга болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх төлөв юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар салбарын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрээр Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөснөө дуулгасан. Үе үеийн засгийн газар шиг энэ төсөл цаасан дээрээ үлдэхгүй бодитоор хэрэгжээсэй.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин