Өндөр уулын авиралтыг “Биет бус соёлын өв” хэмээн ЮНЕСКО-д бүртгэжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр уулын авиралтыг хүн төрөлхтөний “Биет бус соёлын өв” болоход Монголын уулчдын сэтгэл, хөлс, хүч шингэсэн төдийгүй хувь нэмрээ оруулсан билээ.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-аас Олон улсын уулын өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 11-нд Өндөр уулын авиралт /Альпинизм/-ыг хүн төрөлхтөний “Биет бус соёлын өв”-өөр албан ёсоор бүртгэж авсан талаар Олон улсын уулчдын холбоо /UIAA /-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан мэдээллээ.
Тус мэдээг ОУУХ (UIAA) -ны Ерөнхийлөгч Фриц Врижланд өнөөдөр гишүүн байгууллагын төлөөлөгч нарт албан захидал ирүүлж мэдэгдсэн байна. Ийнхүү Өндөр уулын авиралт нь бие сэтгэлийн хүч, мэдлэг чадвар шаардсан үйл ажиллагаа төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл, нэг ёсны урлаг болсон юм.
Ирээдүйд өндөр уулын авиралтыг улам бүр хөгжүүлэх, төр засаг, олон нийтийн дэмжлэг авах өргөн боломж нээгдэж байгаа тухай ОУУХ(UIAA)-ноос онцлон тэмдэглэж байна.