НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсад 1998 оны долоодугаар сарын 01-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Тус хууль нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.  

2016 оны нэгдүгээр сард шинэчилсэн НӨАТ-ын тухай хууль одоо мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа ч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр ч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэй төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ.  Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.27)