Т.Ням-Очир: Боловсролын чанарыг ЭЕШ-аар тодорхойлох нь учир дутагдалтай
БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ЕБС-иудын сургалтын чанарын мэдээллийн нэгдсэн санг бий болгосон талаар ярилцлаа.
-Танай яам 2019 онд сургалтын хөтөлбөрийг сайжруулж буй талаар удаа дараа мэдээлж байсан. 2019-2020 оны хичээлийн жил эхлээд хоёр улирал боллоо. Үр дүн хэрхэн гарав?
-Энэ онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон бусад мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид хамтран бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хэд хэдэн удаагийн судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ нь цаг хугацаа, идэвх зүтгэл шаардсан ажил байсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн түүхийг харахад 1921 оноос 1940 он хүртэл 20 жилийн, 1940-1998 он хүртэл 10 жилийн, 1998-2014 он хүртэл дунджаар дөрвөн жилийн давтамжтайгаар хөтөлбөрийг шинэчилж ирсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлсэн.
Боловсролын бүх түвшинд сургалтын хөтөлбөрийг цогцоор нь эргэн харж, хөтөлбөрт сайжруулалт хийж байсан түүх байхгүй. Тийм учраас энэ удаагийн хөтөлбөрийн сайжруулалт анхны туршлага юм.
Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол, арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.
Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дунджаар 35.5 хувиар буурсан. Энэ мэтчилэн суурь боловсролын суралцахуйн зорилт 8.7 хувь, бүрэн дунд боловсролын суралцахуйн зорилт 9.2 хувиар тус тус буурсан.
Гол нь сургалтын хөтөлбөрт чанарын сайжруулалтыг хийсэн. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал/гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн. Мөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгснөөрөө онцлог болсон гэж дүгнэж байгаа.
-Сайжруулсан хөтөлбөрөө багш нартаа хэрхэн хүргэв, хөтөлбөрийн өөрчлөлтийг багш нар яаж хүлээн авав?
-Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих талаар сургалт, семинар зохион байгуулах хэрэгцээ байгааг хөдөө орон нутгаар явж ажиллахад багш нар маань хэлж байсан.
Учир нь багш нар сургалтын хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилт зэргийг ерөнхийдөө ойлгож байгаа ч хөтөлбөрийг сурагчийн тодорхой чадамжуудад буулгах нь хүндрэлтэй байгаа тухай санал ихээр гарч байлаа. Мөн суралцахуйн зорилтын тодорхойлолтыг тодорхой үйл, ур чадварыг ажиглаж болохуйц, хэмжиж болохуйц, сурагчийн чадамжийн хүрээнд байхаар тодорхойлох, шинэчлэх шаардлагатай гэж саналдаа тусгасныг бид харгалзан үзсэн.
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хөтөлбөрийн талаар нийгэмд шүүмжлэл маш ихээр өрнөснийг та бүхэн мэднэ. Тэдгээрийг судалж баримттай гаргаж шийдвэрлэх нь бидний хамгийн чухал зорилт байсан. Хэд хэдэн удаагийн судалгаа, олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд бид сургалтын сайжруулсан хөтөлбөрийг баталж, үүнийгээ багш нэг бүртээ хүргэх сургалтыг орон даяар зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл 44 мянган багш нэг бүртээ хүрч ажилласан.
Өмнөх сургалтын тогтолцоо, систем нь үндэсний сургагч багш, бүсийн сургагч багш, орон нутгийн сургагч багш, сургуулийн сургагч багш гэж бэлтгэгдсээр яг сум, баг, сургууль дээр ажиллаж байгаа багшид дор хаяж таван шат дамжлагаар мэдээлэл очдог байсан. Ингэснээр сургалт, мэдээллийн чанарт нөлөөлж, багш хөтөлбөрөө бүрэн ойлгохгүй, өөрийн арга, арга зүй болгож чадахгүй, ингэснээр хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа нь ажиглагдсан.
Энэ хичээлийн жилд сайжруулсан хөтөлбөрөө багш нэг бүр судалж, нэг ойлголт, нэг ижил гараанаас сургалт, хүмүүжлийн ажил явагдах боломж бүрдсэн. Мөн сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр удирддаг сургалтын менежерүүдийнхээ бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж дуусаад байна.
-Ё.Баатарбилэг сайд ажил авсан даруйдаа “Багшийн ачааллыг бууруулна” гэсэн ярилцлага өгч байсныг санаж байна. Бууруулах ямар алхам хийв?
-Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтаар давхардсан, хүндэрсэн, ихэдсэн агуулгуудад тохиргоо хийгдсэн. Багш нарт хөтөлбөрийг нэг бүрчлэн таниулах сургалтыг зохион байгуулсан. Үүний зэрэгцээ зарим холбогдох тушаал, шийдвэрүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Боловсролын хүрээлэнгээс 2018 оны арванхоёрдугаар сард хийсэн “Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”-ийн судалгаагаар нийт ээлжит хичээлийн 80 гаруй хувь нь багш төвтэй зохион байгуулагдаж байна гэж дүгнэсэн. Мөн БСШУСЯ-аас 2019 оны гуравдугаар сард зохион байгуулсан “Бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн Үндэсний хэлэлцүүлэг”-ээр багш нарын үндсэн болон нэмэлт ажлын харьцаа 37:63 болсон үр дүн гарсан нь анхаарал татаж байгаа юм.
Багш, суралцагчийн ачааллыг бууруулж, багшийг элдэв цаас, тайлан мэдээллээр дардаг, үндсэн ажлаас нь өөр ажилд дайчилдаг ажлыг цэгцлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл”-ийг баталсан. Чиглэл батлагдсанаар багш зөвхөн хичээлийн 40 минутдаа бүхий л анхаарлаа хандуулж, хичээл бүртээ бэлтгэлтэй, төлөвлөлттэй зохион байгуулалттай ордог, хичээлд суурилсан боловсролын чанарыг сайжруулах тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх тогтолцоо бүрдэх юм. Үүнтэй холбоотойгоор мөн А/192, А/200, А/698 дугаар тушаалууд батлагдан гарсан. Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний талаар тодорхой асуудлуудыг дээрх тушаалуудаар шийдвэрлэсэн.
Цаашид хүүхдийг бага наснаас нь эрэмбэлж дугаарлах, бизнесийн ашиг сонирхлоор ашиглах, багш нарыг үндсэн ажлаас өөр нэмэлт ажлуудад дайчлан ажиллуулахыг хориглох чиглэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бодлогоо чиглүүлнэ.
-Танай яамнаас хэд хэдэн их хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж, “Хандлагын өөрчлөлт”-ийг нэлээд ярилаа. Багш нар хандлагаа өөрчилж байна уу?
-“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” Улсын II зөвлөгөөн, Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлэг, Монголын багш нарын VII их хурал, мөн Шинжлэх ухааны ажилтны Улсын анхдугаар их хурал гээд томоохон хурал, зөвлөгөөнүүдийг зохион байгууллаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 онд 21 аймагтаа нэг бүрчлэн очиж ажиллаж, багш нартайгаа уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдээ танилцууллаа.
Ерөнхий боловсролын салбарт 2018, 2019 онд 70 гаруй тушаал, шийдвэрийг шинээр болон шинэчлэн боловсруулж, дээрх томоохон хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт багш нараас гарсан саналыг тусгасан. Тухайлбал, Багшид мэргэжлийн зэрэг олгох хасах, Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам гэх мэт дүрэм, журмуудад сургуулийн бие даасан байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарсан.
Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмаар захирал мэргэжлийн зэрэг авах эрх үүссэн. Тэргүүлэх мэргэжлийн зэргийг хамт олны хурлаар хэлэлцэж, сургууль олгодог зохицуулалттай болсон. Олон янзын шат дамжлага, цаас бүрдүүлдэг тогтолцоог халсан. Мэргэжлийн зэрэг нь их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, сургалтын менежер, захирал хамаарахаар тусгаж өгсөн.
Кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журмаар кабинет, лаборатори байгуулах, ашиглах, татан буулгах ажлыг ил тод, нээлттэй, хамтын оролцооны зарчмаар сургууль шийдвэрлэж, хамтын шийдвэрийн баталгаажилт сургуулийн захирлын тушаал байхаар тусгасан. Мөн гэрчилгээ, үнэмлэх, батламж олгохгүй, Боловсролын газраас дахин баталгаажилт хийхгүй зэргээр олон дахин явдаг шат дамжлагыг бууруулсан. Ингэснээр зөвхөн даргад үйлчилдэг бус хамт олныхоо өмнө хариуцлага хүлээх тогтолцоо бүрдэх юм. Эдгээрийг бид хандлагын өөрчлөлт гэж харж байгаа.
-“Боловсрол суваг” телевизээр гарч буй “Би багш” нэвтрүүлэг багш нарын анхаарлын төвд байна. Ялагч нь хэзээ тодрох вэ?
-Хорин нэгдүгээр зуунд ажиллаж, амьдарч буй иргэдэд шинжлэх ухаан, технологи, нийгмийн хурдацтай хөгжил асар их нөлөөлж байна. Багшийн мэргэжлийн онцлог нь хүн хоорондын харилцаагаар дамжин хэрэгждэг. Хүүхдийн дотоод ертөнцийг мэдэрч ойлгох, эцэг эх, олон нийттэй харилцах, хамтран ажиллах, гэнэтийн тодорхойгүй нөхцөлд мэдрэмжтэй уян хатан, шийдвэр гаргах, шүүн тунгаах, бүтээлч сэтгэлгээний зэрэг олон ур чадвараа хөгжүүлж байж багш амжилттай ажилладаг.
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихийн тулд олон нийтэд багш мэргэжлийн онцлог, давуу талыг нээн харуулах, манлайлагч, шилдэг багш нарыг орон нутаг, үндэсний хэмжээнд илрүүлэн урамшуулах, тэдний арга зүй, туршлага, нөлөөллийг түгээн дэлгэрүүлэх замаар багш мэргэжлийн нийгмийн үнэлэмж, нэр хүндийг өсгөх зорилтот үйл ажиллагаа, гэж энэ нэвтрүүлгийг ойлгож болно.
Эхний шатанд Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль тус бүрээс шалгарсан шилдэг багш нар, хоёрдугаар шатанд аймаг бүрээс шалгарсан шилдэг 90 багш, гуравдугаар шатанд үндэсний шилдэг 30 багш туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Үндэсний ялагч энэ сард тодорно. Урамшуулал нь урлаг, спортын уралдаанаас дутахааргүй байхаар төлөвлөсөн.
-Ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилтын хэрэгжилт ямар байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2018, 2019, 2020 онуудад түүхэндээ байгаагүй их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төсөв хөрөнгийг баталж байна.
2019 онд гэхэд нийт ерөнхий боловсролын 46 сургууль, 73 цэцэрлэгийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2020 онд энэ бүтээн байгуулалтын ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ буурахгүй. Үүний зэрэгцээ сайдын 2019 оны А/323 дугаар тушаалаар стандартын шаардлагад нийцсэн барилгыг түрээслэх замаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж болох тухай “Аргачилсан заавар”-ыг баталсан. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд гуравдугаар ээлжид шилжиж болзошгүй ерөнхий боловсролын найман сургуульд түрээсийн байр ашиглаж байна. Тушаалыг ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог хүрэлцээтэй хэмжээнд хүргэж, ачааллыг жигдрүүлэх хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сүүлийн таван жилийн статистик хэлье л дээ. 2015-2016 оны хичээлд гуравдугаар ээлжтэй сургууль улсын хэмжээнд 24 байсан, 2016 онд 32, 2017 онд 25, 2018 онд 28, яг өнөөдрийн байдлаар хотод нэг, хөдөөд нэг л үлдлээ. Энэ хичээлийн жилд гурван ээлжээс бүрэн гарах боломж бидэнд бий.
-Хүртээмжээс гадна сургалтын чанарын асуудал чухал?
-Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирснийг та бүхэн мэднэ. Ингэхдээ нийт сургуулиудын 10-15 хувийг хамруулж, гарсан үр дүнг зөвхөн бодлого боловсруулах түвшний мэргэжлийн байгууллага, судлаачид ашигладаг байсан.
Өнгөрсөн хичээлийн жил IX ангид суралцагчдыг 100 хувь хамруулан энэхүү судалгааг зохион байгуулж, үндэсний хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарын мэдээллийн нэгдсэн санг бий болголоо. Энэ нь Монгол Улсад анхны туршлага болж байгаагаараа онцлог.
Боловсролын чанарыг элсэлтийн ерөнхий шалгалтаар тодорхойлох хандлагаар бид явж ирлээ. Гэтэл элсэлтийн ерөнхий шалгалтын зорилго өөр, арга хэлбэр нь ч, даалгаврын тавил нь ч өөр. Тэгэхээр ЭЕШ-аар эрэмбэлэх нь учир дутагдалтай юм. Энэ жилээс эхлэн үндэсний хэмжээнд сургалтын чанараа тодорхойлсон. Манай аймаг, манай сургуулийн сургалтын чанар ямар түвшинд байна вэ, Бид хүүхдийг агуулгын хоцрогдолгүй сургаж чадаж байна уу, багш нар маань мэргэжлийн шаардлага хангаж байна уу, бидэнд хаана, ямар алдаа байна зэргээр сургалтын чанарыг сайжруулах гарц, шийдлээ хамтдаа хайж, хамтран ажиллах боломж бүрдсэн.
-Сурах бичгийн асуудал олон жил шүүмжлэл дагуулсан. Одоо ч чимээ сураг нь намжаагүй бололтой.
-Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр сурах бичиг худалдаалагдахгүй, бүх сурах бичиг сургуулийн номын сангаар дамжин сурагчдын гар дээр хүрэх зохицуулалт хийгдсэн.
Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нь зөвхөн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувьд хамаарна. Бага ангийн сурагчид 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана.
Төлбөр тогтоох аргачлалыг журмаар зохицуулсан. Төлбөр нь үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар тогтоогдсон бөгөөд дөрвөн жилийн хугацаанд үнээ барьсан байхаар тооцсон. Цаашид сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, тодорхой аргачлал, менежментийн циклээр хөгжүүлдэг байх бодлогыг хэрэгжүүлж, сурах бичгийг дахин дахин өөрчилдөг, хэвлэдэг асуудлыг цэгцэлнэ. Мөн номын худалдаа, бизнес эрхэлдэг хүмүүс сурах бичгийг дамлан худалдаалдаг, зохиомол хомсдол үүсгэдэг асуудлууд үгүй болно.
Б.НАМУУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин