TTJVCO компанийн 12 ажилтан хордлого халдварт өртжээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 14-нд авчээ.
Энэ дагуу Эрүүл мэндийн газраас баг томилон, газар дээр нь ажиллаж байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр ханган, хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. 19 арчдас, шинжилгээ, 3 цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлсэн байна. Мөн малын гаралтай найман төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэв.
Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдлын 9 хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээ авч, аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторид хүргүүлэн шинжилгээ хийж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан 9 хүний эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХХК, “TTJVCO” ХХК, “IDMN” ХХК-ийн эмч, эрүүл ахуйч нарт “Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”-аар мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.
Мөн эдгээр компанийн удирдлагуудын түвшинд шуурхай хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал солилцож, үүрэг даалгавар өгсөн байна.
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдал дунд, эмчилгээ үйлчилгээ хэвийн байв.
Эx сурвaлж: GoGo.mn