Дарханы замын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй болжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа.

Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг зарлажээ

Энэ үеэр шинээр тавигдаж байгаа авто зам тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаар ярилцсан бөгөөд тус зам хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон талаар эх сурвалж ярилаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаарх асуултад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа” хэмээн хариулт өгчээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүд хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан -Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны зургаадугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: Parliament.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.94.77)