Монголчууд АНУ-ын виз мэдүүлэх алхмыг дагахгүй байна

Монголчууд АНУ-ын виз мэдүүлэх алхмыг дагахгүй байна

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс тус улсын виз мэдүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан анхааруулга гаргаад удаагүй байгаа билээ. Энэ талаар бид тус улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Брайн К. Вингэйтээс бяцхан тодруулга авлаа.


-АНУ-ын визийг өдөрт хэчнээн хүн мэдүүлж байна вэ? Үүнээс хэчнээн визний мэдүүлэг буцаж байна вэ?

-АНУ-ын визийг өдөрт дунджаар 110 хүн мэдүүлж байна. Консулын хэлтсийн ачааллаас хамаарч заримдаа үүнээс бага мэдүүлэг авах тохиолдол бий. Өдөрт авч буй визний мэдүүлгийн 20 хувь нь буцаагдаж байна. Энэ тоог багасгах, монголчуудын визний мэдүүлгийг аль болох буцаахгүй байх чиглэлд бид анхаарч ажиллаж байна. Гэхдээ үүнд монголчууд өөрсдөө ч гэсэн хариуцлагатай хандах учиртай.

-Визний мэдүүлэг дээр монголчууд ихэвчлэн ямар алдаа гаргаж байгаагаас буцаагдаж байна вэ?

-Монголчууд Элчин сайдын яам руу ирэхдээ аяллын зорилгоо тодорхойлоогүй байдаг. АНУ-ын визийг ямар зорилгоор мэдүүлдэг талаар судлаагүй байдагаас буцаагдаж байна. Жишээлбэл, монголчууд ихэвчлэн аяллын виз мэдүүлдэг. Ингэхдээ зорилго нь маш тодорхой байх ёстой. Гэтэл тодорхойгүй, дэлгэрэнгүй бус байдлаас болоод визний мэдүүлэг буцаагдах тохиолдол байна. Үүнээс гадна, виз мэдүүлэх алхмуудыг дагаж мөрдөхгүй байгаа байдлаасаа болж, товлосон ярилцлагын цаг цуцлагдаж, дахин цаг товлох асуудал үүсч байгааг анхааруулж байна. Иймээс дээрх хоёр зүйлийг чандлан мөрдөхийг хүсч байна.

АНУ-ын Элчин сайдын яамнаас “Хариуцлагатай аялъя” аяныг 2017 оноос хэрэгжүүлсэн эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд ямар үр дүн гарсан вэ?

-“Хариуцлагатай аялъя” аяныг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. 2016 онд АНУ-ын виз мэдүүлж, тус улсыг зорьсон хүмүүсийн 10 хувь нь визний хугацаа хэтрүүлэн үлдчихдэг байсан бол 2018 оны статистик мэдээллээр 3 хувь болтлоо буурсан нь энэ аяныг үр дүн. Цаашид бид энэ тоог бууруулахын төлөө ажиллаж байна.

Энд нэг зүйлийг анхааруулж эхлэхэд, АНУ-ын Элчин сайдын яам бол тус улс руу нэвтрэх зөвшөөрөл олгодог байгууллага. Харин АНУ-ын хил дээр гаалийн хяналтын ажилтнууд та хэчнээн хоног, сар, жил АНУ-д байх ёстой вэ гэсэн хугацааг тань хэлж өгдөг гэдгийг анхааруулъя.

“Хариуцлагатай аялъя” аяны хүрээнд 2020 онд ямар чиглэлд анхаарч ажиллах гэж байна вэ?

-2020 онд бид АНУ-ын визийг хэрхэн зөв мэдүүлэх процесс  болон DS-160 маягтыг хэрхэн зөв бөглөх, виз мэдүүлэхэд эргэлзээтэй мэдээллийг тайлж өгөх зэрэгт анхаарч, нэлээн хүч хаяж ажиллах төлөвлөгөөтэй байна. Учир нь өнөөдөр монголчууд өөрсдөө бөглөчих боломжийг маягтыг орчуулгын товчоодоор бөглүүлж, мөнгө зарлагадаж байгаад харамсч байна. Иймээс визээ хэрхэн зөв дарааллаар мэдүүлэх процесс, анкетыг зөв бөглөх чиглэлд хэд хэдэн видео контент бэлдэж байна. Тун удахгүй монголчуудад хүрэх болно.

АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ АЛХАМУУД: 

Виз мэдүүлэх гэж байгаа иргэн та ярилцлагын цаг товлохоосоо өмнө визний мэдүүлгийн DS-160 маягтыг заавал бөглөж, дуусгасан байх ёстой. Энэхүү маягтыг иргэн та өөрөө бөглөх боломжтой.

Мөн ярилцлагад орохын өмнө доорх дарааллын дагуу дөрвөн алхмыг хийж гүйцэтгэнэ.

1-р алхам: Визний мэдүүлгийн төлнө.

2-р алхам: Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бүрэн бөглөж дуусгана.

3-р алхам: Заавал гүйцэд бөглөж дуусгасан DS-160 маягтын бар кодыг ашиглан ярилцлагын цагаа товлоно.

Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

  • Таны паспортын дугаар
  • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

Эс бөгөөс та ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу!

4-р алхам: Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлагад ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин паспортаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.123)