Путинтай хийсэн уулзалтын талаар нуух зүйл байхгүй гэж Трамп мэдэгджээ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай хийсэн уулзалтынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нуухыг хэзээ ч оролдож байгаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.  Тус сувгийн сэтгүүлч The Washington Post сонинд гарсан нийтлэлд тайлбар өгөхийг Трампаас хүссэн байна. Уг нийтлэлд Путинтай хийсэн уулзалтынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Трамп засаг захиргааныхаа гишүүдээс нуусан хэмээн бичжээ. “Би АНУ-ын бусад Ерөнхийлөгч нарын хийсэнтэй адил яриаг өрнүүлсэн” гэж Трамп хариулсан байна. “Надад нуух зүйл байхгүй” гэж тэрбээр цохон тэмдэглээд тус сониныг Amazon компанийн ашиг сонирхолд нийцүүлэн лоббидох үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгажээ. 

“Бид маш сайхан яриа өрнүүлсэн. Бид Израилын талаар, тус улсын аюулгүй байдлыг хангах тухай, өөр бусад олон асуудлыг хэлэлцсэн” гэж Трамп 2018 оны долдугаар сард Финландын нийслэл Хельсинки хотод Путинтай хийсэн уулзалтынхаа талаар ярихдаа онцлон тэмдэглэжээ. “Би юу ч нуугаагүй. Надад үнэхээр огт хамаагүй” гэж тэрбээр уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэх боломжийн талаар ярихдаа нэмж хэлсэн байна. 

“Би ганцаарчилсан хэлбэрээр маш олон уулзалт хийсэн. Энэ талаар хэн ч юу ч яриагүй. Харин Путинтай ийм уулзалт хийхэд, “Тэд юун тухай ярилцав?” гэж ярьцгааж эхэлдэг” гэж Трамп цохон тэмдэглэсэн байна. “Бид маш эерэг зүйлсүүдийн талаар ярилцсан” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Сэтгүүлч мөн Трамп ОХУ-ын ашиг сонирхолд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулахаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгалт явуулсан гэх нийтлэл өнгөрөгч баасан гарагт The New York Times сонинд гарсан талаар дурдсан байна. Урьд өмнө нь ОХУ-ын талд ажиллаж байсан уу? гэж Fox News сувгийн ажилтан АНУ-ын Ерөнхийлөгчөөс асуужээ. “Энэ бол урьд өмнө нь надад таввьж байсан асуултуудаас хамгийн доромжилсон асуулт. Энэ бол урьд өмнө нь миний уншиж байсан нийтлэлүүдээс хамгийн басамжлан доромжилсон нь” гэж Трамп хариулсан байна. Тэрбэр мөн “ОХУ-тай хийж буй харилцаанд АНУ-ын бусад Ерөнхийлөгч нараас илүү хатуу байр сууриа харуулсан” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.145.17)