Автозамын хяналтын цэгт 54 албан хаагч 24 цагаар ажиллаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хот руу нэвтрэх найман автозамын хяналтын цэгт нийт 54 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж, нийслэл рүү түүхий нүүрс оруулахаас урьдчилан сэргийлж байна. Аравдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 262.8 тн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн хураажээ.

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)