Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна
НЗД-ын зөвлөлийн хурлаар “Гэр хорооллын үнснийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжлээ.
“Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.
Нийслэлийн 202000 гаруй айл өрхөөс жилд 168 мянган үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ. 2019 онд Нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийж, ногоон байгууламж байгуулах ажлыг туршсан. Энэхүү туршилтын зэрэгцээ сайжруулсан түлшнээс гарсан үнсийг ШУА-ын Хими химийн технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лаболраториудад өгч шинжлүүлж байна. Уг шинжилгээгээр үнсний физик, химийн үзүүлэлт, цацрагийн хэмжээ тодорхойлогдох юм.
Энэхүү төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс нэгээс хоёр гэр хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, ААНБ-ын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх ажил хийгдэнэ. Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хог тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм.
Агаарын бохирдлыг бууруулах түүн дундаа PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулах,амьдрах орчинд сөрөг нөөлөл гээд нийгэмд үр өгөөжөө өгөх төслийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс