“Орон нутгийн тээврийг журамлах хэрэгтэй байна”

Жилд давхардсан тоогоор хоёр сая орчим иргэн хот хоорондын зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлдэг байна. Гэхдээ сүүлийн үед зам, тээврийн осол  их гарах болсон шалтгаанаар тээвэрлэлтийн тоо буурч байгааг  судалгаа харуулж байна. Тухайлбал, 2017, 2018 онд өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд 5.4 хувиар буурчээ. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд хамтран зорчигч тээврийн автобусны зам тээврийн ноцтой осол хэргийн талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудын захирал удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, осол хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм. Монгол Улсад хот хооронд зорчигч тээвэрлэх зай 50-1720 км байдаг. Харин 450 км-ээс дээш замд ээлжийн жолооч ажилуулдаг болоод удаж байгаа юм.  Талуудын байр суурийг хүргэж байна.

Автотээврийн үндэсний төвийн  Хөдөлгөөний удирдлагын төвийн дарга К.Айдос:

-Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй 63 аж ахуй нэгжийн 1050 тээврийн хэрэгсэл 67 чиглэлд тээвэрлэлт хийж байна. Тэд  манайхтай гэрээ хийж ажилладаг.   АТҮТ-өөс 24 цагийн турш үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажиллаж байна. Мөн улсын байцаагчид Тээврийн цагдаагийн албатай хамтран зам дээр байнгын хяналт шалгалт хийж байна. 450 км-ээс дээш зам туулах нөхцөлд ээлжийн жолоочийг ажиллуулж байна. Гэхдээ цаашид  сургалт сурталчилгаа болон технологийн шийдлүүд дээр анхаарч ажиллана.  Тухайлбал, нойр хүрсэн болон эвшээх, ядарсан үеийг мэдэрдэг төхөөрөмжүүдийг суурилуулах зэрэг технологийн дэвшлүүд хэрэгтэй.  Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, гэрээгүй, хувь хүн, аж ахуй нэгжүүд зорчигч тээвэрлэснээс үүдэж иргэдийн эрүүл мэнд амь насанд хохирол учруулж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

-Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ”, “Ойлгоё хүндэлье” зэрэг зам тээврийн ослыг бууруулах ухуулга сурталчилгааны аян зохион байгуулсан. Энэ хүрээнд зам тээврийн осол гэмтэл өнгөрсөн онтой харьцуулбал харьцангуй буурсан.  Мөн  осол гарч буй цэгүүдэд тодорхой хэмжээний судалгаа шалгалтууд явуулж засах шаардлагатай бол холбогдох албан мэдэгдлийг зам хариуцагч, зам эзэмшигч байгууллагад шаардлага өгч ажилладаг. Шалгалтын явцад осол тухайн автозамаас шалтгаалсан тохиолдолд тухайн  замыг хүлээж авсан төсөвлөсөн байгууллага хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн алба зам арчлах болон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах үндсэн үүргийг хүлээдэггүй. Харин Авто замын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиараа замын аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн аймаг нийслэлийн Засаг дарга нар болон аймаг хоорондын замыг Зам, тээврийн хөгжлийн яам, Авто замын хөгжлийн үндэсний төв гэх байгууллагууд хүлээдэг.

Улс хот хоорондын жолооч тээвэрчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Батбаатар:

-Осол замын боломж, ажил амралтын дэглэм, явж байгаа давтамжаас хамаарч гарч байна.  Тиймээс төрөөс тодорхой ажлуудыг хийх ёстой. Тухайлбал, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлын зааварчилгаа болон осол саатал, байгалийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах талаар зааварчилгаа байдаггүй. Тиймээс хууль эрх зүйн хувьд зөв хангах, тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэх, эдийн засгийн бололцоо, ажиллах нөхцөлд нь тавьж байгаа стандарт хэрэгтэй. Санхүүгийн боломжоор тусламж үзүүлэх гэдэг нь 45 хүний суудалтай автобусанд гурав эсвэл 30 хүн суусан ч үлдсэн хүний мөнгийг төрөөс өгдөг байвал жолооч суудал дүүргэлт дээр санаа зовохгүй болно. Одоо хот хоорондын тээвэрт нэг жолооч сард 1-2 удаа явж байна. Мөн түүнээс гадна  замын дагуух байгууламж болон зогсоол барих тал дээр анхаарах хэрэгтэй байна. Жолооч болохгүйгээс  аваар осол гарч байна зэрэг аж ахуй нэгжүүд рүү хандахаас илүү жолоочийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)