Солонготын даваанд туузан хашлага, хурд сааруулагч хийж байна
Архангай аймгийн нутагт харьяалагдах Солонготын давааны эргэх тойрогт зам тээврийн ноцтой ослууд гарах болсоор хэдэн жил болж буй. Хамгийн сүүлд гэхэд хар өнгийн “Ниссан” маркийн машин онхолдож, хоёр иргэн газар дээрээ нас баржээ. Ослын шалтгааныг иргэд ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байхгүйтэй холбож байна.
Энэ асуудлыг Зам, тээвэр хөгжлийн яам анхааралдаа авч, туузан хашлага, хурд сааруулагч, нэмэлт тэмдгүүдийг байрлуулж эхэлжээ. Энэ тухай “Завхан АЗЗА” ТӨХК-наас мэдээлэхдээ “Манай компани ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврын дагуу нэмэлтээр замын хөдөлгөөний тэмдгүүд, хурд сааруулагч хашлагыг энэ сарын 18-наас эхлэн хийж байна. Солонготын давааны осол болдог хэсэгт барилгын ажил бүрэн дуусаагүй учир манай компани хүлээж аваагүй байна” гэжээ. Тус компани Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127 км авто замын ажлыг яаралтай дуусгах шаардлага гүйцэтгэгч талд тавьсан боловч мөнгө байхгүй гэх шалтгаанаар одоог хүртэл хийгээгүй байгаа аж.
Эх сурвалж: News.mn