Төв талбайд байрлуулсан боржин чулуунуудыг нүүлгэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайн баруун зүүн талд нь байрлуулаад байсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг өчигдөр үдэш /2019.12.20/ талбайгаас зөөсөн байна.
Төв талбайд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа олонтаа зохиоддог бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор байрлуулсан тус чулуу нэг ширхэг нь 380 мянган төгрөгийн үнэтэй. Эхний удаад 160-ыг нь байршуулсан байсан юм. Үлдсэн 230 гаруй ширхэг чулууг 12 дугаар сарын 25-наас өмнө төв талбайд байрлуулна гэж “Боржин суварга” компанийн удирдлага мэдэгдсэн. Нийт өртөг нь 150 гаруй сая төгрөг болж байв. Харин уг чулууг буцааж авлаа.
Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дээрх чулуун хаалтыг байршуулсан үеэс ямар зорилгоор чулуунуудыг тавив, татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцууллаа гэх шүүмжлэл нийгэмд түгээд байсан юм.