Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өртөж байна
Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсжээ. Тухайлбал нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд хоёр тасаг 200 орны хүчин чадалтай боловч ачаалал ихсэж орны тоог 140-р нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Тиймээс нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж томуу, томуу төст өвчний идэвхжилийн үеэр хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Ингэхдээ,гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Тиймээс анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна.
Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгээс гарсны дараа хүүхдийн асаргааг үргэлжлүүлэн сайн хийгээгүйгээс болж дахин ханиад томуугаар өвчлөн хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол байдаг байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэйг нийт эцэг эх асран хамгаалагчдад зөвлөж байна.