Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болголоо
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганд оролцсон гишүүдийн 61.4 нь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож байгаа юм.
Аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьсан.
Өргөн барьсан даруйдаа цахим орчинд иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан уг хуулийн төслийг ийнхүү анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг 4.1.10-т оруулахаар болж байгаа юм. Энэ нь нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу улс орны хэмжээнд амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр билээ.
Ингэснээр хуулиар улс даяар амардаг өдөр нэгээр нэмэгдэж байна.
4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.2./Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
/Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
Р.Адъяасүрэн
Эx сурвaлж: Gogo.mn