“Эрмитаж”-д хадгалагдаж буй "Чингисийн чулууны бичиг"

ОХУ-ын Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлах үеэр "Чингисийн чулууны бичиг" дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн билээ. 

1829 онд Санкт Петербургийн ШУА-ийн Азийн музейд, 1936 оноос Эрмитажид хадгалагдаж байгаа "Чингисийн чулууны бичиг"-ний жинхэнэ хөшөөний зургийг Та харж байна. 

Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр найр хийж, цэргийн уралдаан зохион байгуулжээ. 

Хуралдайн үеэр Чингис хааны дүү Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө босгосон нь хожим “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршжээ.


202 см өндөр, 74 см өргөн, 22 см зузаантай уг гэрэлт хөшөөн дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алдас-дур ондудла-га” хэмээн 21 үгийг таван мөрөөр монгол бичгээр ухаж сийлжээ.

“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг Монгол Улсын ноёдыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” хэмээн хөрвүүлснийг айлчлалын багт орж ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудасны сонирхуулан тавьсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.124)