Хууль батлагдахгүй бол гишүүд суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг хуулийн заалт буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг 2019.01.10-ны өдөртөө багтаж, хэлэлцэн батлах зөвлөмж гаргаад байгаа. Уг зөвлөмжийг баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар гарын үсгээ зурсан хэдий ч 10.00 цагаас товлогдсон УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйн улмаас уг хуулийн төслийг батлаагүй байгаа юм. Чуулган үдээс хойш 15.00 цагаас хуралдахаар болж хойшилсон учир одоогоор бусад гишүүд хүлээлтийн байдалд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон холбогдох байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулсан гишүүд асуудлыг намжаах гэсэн арга хэмээн үзэж, “Хэрэв хууль батлагдахгүйд хүрвэл төв талбай дээр гарч жагсагчидтай нэгдэн, улс төрийн суулт хийнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ямар нэгэн хэлбэрээр сунжруулах арга хэрэгжиж байна. Би зунаас хойш явж байгаа болохоор мэдэж байна. Өчигдөр баталж болох байсан. Өнөөдөр бас ирц бүрдсэнгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дээр өөрөө гарын үсэг зурчихаад алга болохгүй байлгүй дээ. Хэрэв тэгвэл дахиад л мэлзэж байна гэж ойлгохоос аргагүй. Энэ тохиолдолд бид суултаа тэмцлийн дараагийн хэлбэрт шилжүүлэх эсэхээ шийднэ” гэсэн юм.