Угаарын хий мэдрэгчийн эхний 50 мянгыг энэ долоо хоногт хүлээн авна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд 3863 чиглэлд 4896 алба хаагч эргүүлээр ажиллаж байна. Зөрчил гаргасан 9960 хүнд 237 сая 891 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 21 хоногийн хугацаанд 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 765 алба хаагч нийтийн хэв журам сахиулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг, хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн, 757.4 тонн түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэв.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийв. Тэрбээр “Энэ сарын 06-наас 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3525 дуудлага мэдээлэл хүлээн авч 812 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Улаанбаатар хотоос орох, гарах авто замын хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж одоогийн байдлаар хяналт шалгалтаар түүхий нүүрс тээвэрлэсэн, тээвэрлэсэн байж болзошгүй нийт 2488 ачааны, суудлын 7241 автомашиныг шалгаснаас хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 8, түүхий нүүрс хэрэглэсэн айл, өрх, ААН-ийн зөрчил 1-г тус тус илрүүлэн 25 тн 330 кг түүхий нүүрс хурааж, НМХГ-т шилжүүлэн хураагдсан нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүргүүлж, утаа ихтэй тээврийн хэрэгсэл 132 илрүүлж авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлж ажилласан” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс энэ сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 206, аврах ажиллагааны 18, нийт 224 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 103 иргэнийг аварч, 3,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 30,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна” хэмээн товч мэдээлэл өгөв.
Зөвлөгөөний үеэр хотын Захирагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа бөгөөд иргэдэд хэрэглэх, ашиглах зааврыг хүргэжбайгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.
Шуурхайн зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтэд дүүрэг хороодын Засаг дарга нар хяналтаа тавьж угаарын хий мэдрэгчийг яаралтай айл өрхүүдэд тараахыг үүрэг болголоо. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.