Хүүхдийн гүрэнт улсын сүлд модны наадам
Аварга том хөлөг онгоцыг санагдуулам том цэнхэр байшинд, хүүхдийн дуу цангинаж, аз жаргал баяр хөөр, үлгэрийн баатрууд, өвлийн өвгөн, цасан охид газар газраас ирсэн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор дүүрэн харшийн сүлд модны наадам дуу алдам сайхан болдгийг өдгөө хүн бүхэн мэддэг болжээ.
Тэр л газарт очсон хүн бүхэн улиран одсон он цагуудаар аялж, бага насны дурсамжаа хөглөдөг. Чухамхүү тэр л газраас урлагийн гараагаа эхэлж амьдралын учир утгыг ойлгосон хүн олон.
Бас насан туршийн найз нөхдөө олж, олон сайхан мөрөөдөл ургуулж, түүнийгээ биелүүлэхээр зүтгэсэн хүн олон. Ийм нэгэн сайхан газрыг олон улсын “Найрамдал” цогцолбор гэдэг. Энэ бол хүүхдүүдийн энерги, эрч хүчээр цэнэглэгдсэн ариун газар буюу олон улсын хүүхдийн Найрамдал зуслан юм.
Жил бүрийн өдийд Найрамдал зуслан олон мянган хүүхдэд мартагдашгүй дурсамж тэрлэдэг уламжлалтай. Ирэх зун 42 нас хүрэх тус төвийнхөн 2019 оноо үдэж харшийн наадмаа энэ сарын 19-25-нд зохион байгуулж буй. Энэ хугацаанд 4500 орчим хүүхэд хүлээн авч, баярлуулах юм билээ.
Харш гэдэг нь маш том, саруулхан, гэгээлэг, олныг хамарсан баяр цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг ордныг хэлдэг утгаар нь “Харшийн сүлд модны наадам” гэж нэрлэдэг аж.
Эднийх жил бүр өөр сэдвээр, нийгэм болон хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг тусгаж, ухаарал өгсөн театрчилсан тоглолт бэлтгэдэг нь үнэхээр сайшаалтай.
Харш гэдэг нь маш том, саруулхан, гэгээлэг, олныг хамарсан баяр цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг ордныг хэлдэг утгаар нь “Харшийн сүлд модны наадам” гэж нэрлэдэг аж. Найрамдал цогцолборын сүлд модны наадам зөвхөн тоглолтоор хязгаарлагддаггүйгээрээ Монголдоо цор ганц супер ёолк гэдгийг хүн бүр мэднэ. Энэ арга хэмжээ өглөө эрт Улаанбаатарт зочин хүүхэд, багачуудаа угтахаас эхэлдэг.
Тэднийг Баянголын аман дахь өргөөнд тохилог автобусаар хүргэж, буцаахдаа урд, хойд талдаа цагдаагийн хамгаалалттайгаар, ямар ч саадгүй явдаг. Тэнд очоод бүлэгт хуваагдсан хүүхдүүд багшийнхаа хамт есөн өртөөгөөр аялж, янз бүрийн тоглоом сурч, дуулж, бүжиглэн, оддыг дурандаж, хүслийн захиа илгээх зэргээр үд хүртэл цагийг завгүй өнгөрүүлдэг.
Үүний дараа хүүхдүүдийг хүндэтгэлийн зоогт урьдаг. Бялуу, баавгайтай чихэр, амтат шүүс, төрөл бүрийн зууш, халуун хоол энэ өдрийн гоё дурсамжийн нэг хэсэг. Энэ өдөр Найрамдлын зочноор уригдан ирсэн хүүхдүүд нэг өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлдэг юм.
Тэднээс хоолны амт ямар байв гэхэд бүгд эрхий хуруугаа гозойлгосон. Бас багш нар гоё тоглоом заасан хэмээн сэтгэл хангалуун байлаа. Танхимд тоглолт үзэж суугаа багачууд үлгэрийн баатруудын өмнөөс шаналж, баярлаж, бас уулга алдаж, мөсөн хатныг загнаж, саваагүй малгайчныг буруушаах нь үнэхээр өхөөрдөм. Хүүхдүүдэд зориулсан тоглолтыг үргэлж мэргэжлийн театрын хэмжээнд бэлтгэхийн төлөө Б.Отгонбат багш 28 жил тасралтгүй чармайжээ.
“1981 ОНООС САЙНЧУУДЫН ШИНЭ ЖИЛ НЭРТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙЛАА”
40 жилийн түүхтэй олон улсын хүүхдийн Найрамдал төвийг олон улсын түвшинд хүргэж, хүүхдийн төлөө сэтгэл, зүрхээ зориулан, энэ төвийн 20 жилийн түүхийг бичилцсэн ахлах удирдагч Д.Энхээтэй хэдэн хором саатан уулзах завшаан тохиосон юм. Түүнийг зургаан настай хүүхдээс эхлээд тэндхийн багш, ажилчид ихэд хүндэтгэн Энхээ багш манай зүтгүүрийн тэргийг хөдөлгөдөг гол хүчний нэг хэмээн өргөмжилдөг юм билээ.
Тэрээр “1978-1990 онуудад жилдээ 21-40 хоногийн хугацаатай 9-11 ээлжинд нийт 3800 орчим хүүхэд хүлээн авч амраан, “Идэвхтний сургууль” зохион байгуулж, улсын хэмжээнд пионерийн байгууллагын ажлын онол арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх түшиц байгууллага нь болж ажиллаж байлаа.
Харшийн сүлд модны наадам маань дундаа хэдэн жил завсардсан ч сүүлийн 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулагдаж, хүүхэд багачуудтайгаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна.
1992 оноос анги хамт олон болон өдрийн амралтын үйлчилгээг нэмэгдүүлснээр нэг ээлжиндээ 270-640 буюу жилдээ 40 гаруй ээлжинд өөрийн болон гадаадаадын 40 мянга гаруй хүүхэд багачуудыг хүлээн авч амруулдаг.
Найрамдал зуслан 1981 оноос хойш өнөөг хүртэл энэ баярыг тэмдэглэж, 4500 орчим хүүхдийг баярлуулж, хүслийг нь биелүүлдэг аж. Хуучин нийгмийн үед хамгийн шилдэг хүүхэд харшийн сүлд модны наадамд ордог төдийгүй, амардаг байсан юм.
20-оод жилийн өмнө зуслан гэж нэрлэдэг байсан. Хот хөдөөгийн хамгийн онц сурлагатан хүүхэд энэ шинэ жилийн баярыг үздэг байсан. Тиймээс Монголдооо урлагийн тэргүүний гэгддэг хүүхдүүд оролцож, Монголдоо өндрөөр үнэлэгддэг томоохон хүн найруулж анх хийж байсан.
Өдгөө ардчилал гарснаас хойш Найрамдал зусланд хүссэн хүүхэд бүхэн амрах, энэ баярыг үзэх боломжтой болсон. Анх 1981 оноос сайчуудын шинэ жил нэртэйгээр зохион байгуулагдаж байсан Харшийн сүлд модны наадам маань дундаа хэдэн жил завсардсан ч сүүлийн 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулагдаж, хүүхэд багачуудтайгаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна.
Өдгөө ардчилал гарснаас хойш Найрамдал зусланд хүссэн хүүхэд бүхэн амрах, энэ баярыг үзэх боломжтой болсон.
Би 1993 онд анх багшийн их сургууль төгссөн. Оюутан байхдаа Нарлаг зусланд ажиллаж байсан. Нарлаг зуслангийн Янжмаа багш Найрамдал зусланд ажиллах боломж байна гэж хэлснээр Найрамдал гэх их айлд анх хөл тавьж байлаа. Анх ажилд ороод 56 цонхыг ганцааараа дулаалж байлаа шүү дээ.
Өдөржингөө хүүхдүүдтэйгээ бужигналдаад, шөнө нь гэртээ ирээд хувцсаа ч тайлалгүй, нам унтаад өгчихдөг байлаа. Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байж л энэ ажлыг хийнэ. Нэг удаа Өмнөговь аймгаас манайд амарч байсан хүүхдүүдийн буцах зардлын мөнгө нь алга болоод, хариуцлага алдсан гээд шөнөжингөө цагдаагийн газар байцаагдаж хоносон.
20-оод жил ажиллахад энэ мэт зүйл зөндөө. Гэх мэтчилэн дан ганц би ч гэлтгүй бусад багш нарт иймэрхүү юм их гарна.
Харин үүнийг даваад гарчихсан байхад сайхан гэрэл гэгээ, хүүхэдтэй ажиллахдаа арга зүйтэй болдог. Алдаа бүхэн минь сургамж болдог. Бүр Б.Отгонбат захиралд хөөгдөөд чемоданаа бариад явж байсан үе ч бас бий. Амралтын өдрөөрөө ч амардаггүй шүү дээ” хэмээн хуучилсан юм.
АСРАМЖИЙН ГАЗРЫН 1000 ХҮҮХДЭД АЗ ЖАРГАЛ, БАЯР ХӨӨР БЭЛЭГЛЭДЭГ
Найрамдал цогцолборын харшийн наадам өөрийн гэсэн хэд хэдэн шигтгээ брэндтэйгээрээ алдартай. Үүний нэг нь яахын аргагүй өвлийн өвөө. Нэг биш, тавуулаа, тэгээд бүр 5-7 настай өхөөрдөм өвгөдийг хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг. Тэд шилдэг хүүхдүүдэд бэлэг өгөөд, дух, хацрыг нь үнэрлэхийг харсан хэн бүхэн инээдээ барьж дийлдэггүй юм билээ.
Мөн эднийх Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдийг энэ баяртаа урьж, баярлуулдаг уламжлалтай аж. Өвлийн нэг удаагийн ээлжиндээ 250-300 хүүхэд, жилдээ 40 мянган хүүхэд хүлээн авдаг аж.
Үлгэрийн орныг санагдуулам тайзны хөшиг нээгдэж, алиа салбадай, шидтэн, малгайчин, Алладин, Мирана, цасан хатан, ханхүү гээд үлгэрийн баатрууд танхимд тухлах багачуудыг байлдан дагууллаа.
Шилдэг хүүхдүүд л Найрамдалд амардаг гэх ойлголт байдаг. Тэр утгаараа харшийн сүлд модны наадамд урлаг, авьяасаараа тэргүүлсэн сурагчид наадмын нэг хэсэг болон оролцдог. Энэ нь магадгүй Найрамдал зуслан өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй оршиж байгаагийн утга учир ч байж мэднэ.
Харшийн сүлд модны наадмын оргил үе бол “Хараацай” театрт өрнөдөг адал явдалт тоглолт байдаг. Жил бүр өөр өөр утга мессежийг хүүхдүүдэд өгөх зорилготойгоор дахин давтагдашгүйгээр зохион байгуулагддаг. Энэ жилийнх “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд” нэртэйгээр зохион байгуулагдсан юм.
Үлгэрийн орныг санагдуулам тайзны хөшиг нээгдэж, алиа салбадай, шидтэн, малгайчин, Алладин, Мирана, цасан хатан, ханхүү гээд үлгэрийн баатрууд танхимд тухлах багачуудыг байлдан дагууллаа.
Энэ бүхэн ердөө 53 мянган төгрөгт багтдаг аж. Харин нэг өвөл энэхүү шинэ жилийг зохион байгуулахад 20 гаруй сая төгрөг зарцуулагддаг аж. 53 мянган төгрөгийн ердөө 500 төгрөг нь л ашиг болдог юм байна.
ИД ШИДИЙН ЕРТӨНЦӨД ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛАХ ЦАГААР
Найрамдал зуслангийн арга зүйч М.Ариунбаяр “Энэ жилийн тоглолтын хувьд технологийн дэвшлийг харуулсан, аз жаргал гэж зүйл юу байдгийг, аз жаргалыг холоос биш, дэргэдээсээ, ээж ааваасаа, гэр бүлээсээ хайвал тэр аз жаргал гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон.
Урлагийн тоглолтод 94 хүүхэд таван багш, Соёлын тэргүүний ажилтан Батхүү, Баасан гэх мэтчилэн мэргэжлийн багш нараар бүжгээ дэглүүлсэн.
Монгол ёс заншил, өв уламжлал маань мартагдах тал руугаа орж байна.
Сүүлийн 28 жил тасралтгүй тоглолтыг найруулж байгаа Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат багшдаа нийт хүүхдүүд болон, Найрамдлын багш, ажилчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Их сургамжтай, мэдлэг нэмэгдүүлсэн тоглолт гэхэд болно.
Учир нь сүүлийн үед цахим хэрэглээ өндөр болж байгаагийн хэрээр хүүхдүүдэд маань мэдлэг мэдээллээ дэлхий дахинаас шууд авч байна.
Монгол ёс заншил, өв уламжлал маань мартагдах тал руугаа орж байна. Адаглаад зүйр цэцэн үг цаанаа ямар утга санаа агуулж байна вэ, яагаад ингэж илэрхийлж байна вэ гэдгийг хэлж өгөх эцэг эх цөөрч.
Тиймээс бид монгол хэлний баялаг үгийн сан зүйр цэцэн үгээр дамжуулж, чи өөрөө амьдралынхаа, аз жаргалынхаа гол утга учир, түлхүүр нь шүү гэдгийг харуулахыг зорьж байна” гэж “Алиса гайхамшгийн оронд” хүүхэлдэйн малгайчны дүрд ялгагдахын аргагүй хувирсан тэрээр хэлж байсан юм.
Үнэхээр л зорин ирсэн хүүхэд бүрт аз жаргалтай дурсамж үлдээхүйц сайхан болжээ.
н.Тогтуун ахлагчаар ахлуулсан баг хамт олон тайз чимэглэл, гэрэл гээд, тоглолтын талаар өөлөх юм алга байлаа. Мөн тоглолтод өмсөх даашинзаас эхлээд гутал, үлгэрийн баатруудын хувцсыг хүртэл с.Бархас ахлагчтай оёдлын хэсгийнхэн бүгдийг нь гараараа оёсон аж.
Үнэхээр л зорин ирсэн хүүхэд бүрт аз жаргалтай дурсамж үлдээхүйц сайхан болжээ.
“Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд” гэж нэрлэсний учир нь удахгүй хулгана жил гарах гэж байгаатай холбоотой аж. Театрчилсан тоглолтдоо тухайн жилдээ хүүхдийн талаар гаргасан төр, засгийн бодлого, Найрамдал цогцолборын зорилтоо шингээдэг юм билээ.
Энэ жилийн тухайд гэхэд ардын зүйр цэцэн үгээр хүүхдүүд маань өөрийнхөө хэрхэн зөв зүйлд залж болох вэ, аз жаргал гэж юу вэ, аз жаргалыг хаа нэгтэйгээс хайх биш хажууд чинь байдаг шүү гэдгийг харуулахыг хичээжээ.
ДӨРВӨН ЗҮГ НАЙМАН ЗОВХИСООС 94 АВЬЯАСТАН ИРЖ ОРОЛЦЖЭЭ
Энэ тоглолтод Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул, Хөвсгөл, Завхан, Улаанбаатар хотын улсын болон хувийн ЕБС-ийн 94 хүүхэд найман өдрийн турш бэлтгэл хийж, энэ тоглолтыг сонирхуулж байна.
Тоглолтын хүүхдүүдийг Найрамдал зуслангийн пэйж хуудас дээр зарлал тавиад, эхний шатны шалгаруулалт онлайн хэлбэрээр, хүүхдүүд бичлэгээ явуулдаг.
Дараагийн шатанд өөрсдийн биеэр шалгуулаад тэнцсэн тохиолдолд энэ тоглолтод ордог юм байна. Эдгээр хүүхэд найм хоногийн турш хүүхдүүдийг баярлуулах гэж шаргуу бэлтгэл хийжээ.
Харин харшийн сүлд модны наадам өндөрлөхөд нэг нэг ууттай бэлэг өгөөд л явуулдаг гэсэн.
Энэ хүүхдүүдэд цалин, урамшуулал гэж байхгүй. Харин харшийн сүлд модны наадам өндөрлөхөд нэг нэг ууттай бэлэг өгөөд л явуулдаг гэсэн.
Тухайн жилд зохиосон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдгаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой билээ. Харин хүүхдүүдийн сэтгэгдлийг асуувал энэхүү шинэ жилд оролцож байгаа нь өөрөө хамгийн том шагнал хэмээн хээв нэг хариулцгаана.
Тэд ядарч цуцахыг мэдэхгүй, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт их бэлтгэл, тоглолтын хажуугаар хөгжилдөх нь яахын аргагүй хүүхэд насны дурсамжийг сэдрээнэ.
Ийнхүү хүүхэд бүр үлгэрийн ид шидийн ертөнцөөр аялан, тэр жилийнхээ амжилт бүтээлээ дуулгасан, өвгөн аавынхаа амттаны дээд уут дүүрэн бэлгээ аван гэр гэр рүүгээ явахдаа ихэд дурамжхан дахиад жаахан байж болохгүй юм уу хэмээн хошуугаа унжуулцгааж байсан юм.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин