Хүүхдийн хамгаалах суудал хандивлалаа

Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төслийг Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэгээс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж, эхний шатанд 20 гаруй хүүхдэд аюулгүйн суудал хандиваар олголоо.

Хамгаалалтын суудлыг тогтмол ашиглах нь зам тээврийн ослын үед хүүхэд амь насаа алдах эрсдлийг 90 хүртэлх хувиар, хүнд гэмтэх эрсдлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг.

2019 оны эхний 11 сард улсын хэмжээнд 709 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 145 нь хүнд хүндэвтэр хэлбэрээр гэмтэж 50 хүүхэд амь насаа алдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь тээврийн хэрэгслээр зорчих үедээ гэмтэж бэртсэн байгаа нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг буруу тээвэрлэсээр байгааг харуулж байна.

Хэдий 2018 оны 11 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.” хэмээн тусгасан боловч тус хууль нь одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байсаар байна.

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.9.9)