Сонгуулийн хуулийн онцлох заалтууд

Эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг хугацаандаа, ногоон гэрлээр өөрчлөн баталлаа.    Ингэхдээ эмэгтэйчүүдийн квот, иргэдийн сонгох эрхийг хязгаарласан, мөн хувь хүнд зориулсан заалтыг оруулж ирж батлав.   Тэгэхээр МАН-ын баталсан Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэц дээр очих нь тодорхой.  Ийнхүү “асуудал”-тай сонгуулийн хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

76 ГИШҮҮНИЙГ ОЛОН МАНДАТТАЙ ТОЙРГООС СОНГОНО

МАН эхэндээ 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог гэсэн  хувилбарыг дэвшүүлээд байв. Гэсэн ч  энэ хувилбар Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн  үндэслэлээр буцааж, 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгалаа.  Дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэх юм.

СОНГОЛТГҮЙ БАЙСАН Ч СОНГОНО

Хуулийн төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж өөрчлөн батлав.  Ингэснээр сонголтгүй байгаад аль нэгийг нь дугуйлахгүй орхивол таны саналын хуудас хүчингүй. Цагаан сонголт буюу сонгох хүн алга гээд хүчинтэйд тооцуулах боломжгүй. Сонголтгүй ч сонгохоос өөр аргагүй өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаад байгаа гэсэн үг юм. Тэгэхээр сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно.  Түүнчлэн Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй.

  • Сонгогчдын нэрсийн жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна.
  • Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон.
  • Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
  • Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
  • Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон.
  • Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно.
  • Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй.
  • Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн.
  • Саналын хуудас нэг ширхэг байна.
  • Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй.
  • Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

СҮҮЛИЙН 12 САРЫН ТУРШ ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН СОНИН, СЭТГҮҮЛД СУРТАЛЧИЛГААГ НИЙТЛҮҮЛНЭ

Хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа өдөр тутмын сонины холбооноос гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсний үндсэн дээр төслийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 40.2.8 дахь заалтыг нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдсэн.  Энэ заалттай холбогдуулан төслийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай заалтуудыг дэмжиж, баталлаа.

Т.Сaйxaн

Эх сурвалж: Polit.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.157)