Анxaaр: Салют буудуулах гэж байна уу

Шинэ он солигдох мөчид иргэд, олон нийт пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулдаг. Гэвч пиротехникийн хэрэгслийг буруу хэрэглэснээс шалтгаалан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал цөөнгүй бүртгэгдсэн тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн Нийслэлийн засаг даргын 662 дугаар захирамжаар  хориглосон. 

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “пиротехниийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”-д зааснаар гадаадаас орж ирж байгаа пиротехникийн хэрэгсэлд гаалийн байгууллага шалгалт хийж нэвтрүүлдэг. Улмаар пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн хяналтын төв байгууллага туршин шалгаж ашиглаж болох талаар акт гаргасны үндсэн дээр тухайн импортоор оруулж ирсэн аж ахуйн нэгж, байгууллагын худалдан борлуулах, үйлчилгээ үзүүлэх эрх нь нээгддэг байна. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд “пиротехникийн хэрэгсэл” гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгсэл гэж заасан. Мөн пиротехникийн хэрэгслийг 20 метрээс их зайд аюул учруулах хүч чадалтай бол үзвэрийн 20 метрээс бага зайд аюул учруулах бол хэрэглээний гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон.

Иргэд салют худалдан авахдаа юуг  анхаарах ёстой вэ?

-Хамгийн нэгдүгээрт мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, зөвшөөрөл, тухайн пиротехникийн хэрэгслийн гадаад байдал сав баглаа, ашиглах заавар, хадгалах хугацаа, хүчин чадал, зориулалт, аюулгүй ажиллагааны заавар зэрэгт анхаарна. Улсын хэмжээнд албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хоёр байгууллага байдаг ч зөвшөөрөлгүй гар дээрээс, хууль бусаар худалдаалж явдал байдаг. Зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл авч хэрэглээд хохирсон тохиолдолд ямар ч хариуцлага хүлээх эзэн олддоггүй гэдгийг албаныхан анхааруулж байна. Пиротехникийн хэрэгслийг бөөнөөр худалдан авч байгаа аж ахуйн нэгж, иргэд худалдаалагч байгууллагаас барааг ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт авах шаардлагатай.

Иймд иргэд та бүхэн чанар, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.73.149)