"1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хоёрдахь томоохон жагсаал"  болов

Сүхбаатарын талбайд "МАНАН" бүлэглэлийн эсрэг бүх ард түмний тайван жагсаал" нэгдүгээр сарын 10-нд 12 цагт эхэлсэн. УИХ-ын нэр бүхий таван гишүүний зохион байгуулсан тус жагсаалд иргэний нийгмийн 100 гаруй байгууллага нэгдсэн талаар зохион байгуулагчид онцлов.

 

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар,Т.Аюурсайхан болон ардын уран зохиолч Т.Галсан, дуучин Т.Дэлгэрмөрөн зэрэг урлаг соёлын хүндтэй эрхмүүд үзэл бодлоо индэр дээрээс илэрхийллээ.

"Монголын орд баялгийг тонон дээрэмдэж байгаа дээрх бүлэглэлийг нураах цаг болсон"

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “УИХ-ын гишүүнийхээ хувьд, хуулиар хүлээсэн үүрэг, шударга ёсыг сахин биелүүлж, хууль ёсыг эрхэмлэх тангарагтаа үнэнч байж Монгол Улсаа “МАНАН”-гийн барьцаанаас гаргахаар тэмцэж байна. Монголын ард түмэн “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувь, Цагаан суваргын орд зэрэг Алтай таван богдоос Дорнын тал хүртэлх баялаг ордуудаа энэ бүлэглэлд алдсан. Энэ дээрмийг таслан зогсоохоор ард түмэн бид өнөөдөр нэгдэж байна. Хууль хяналтын байгууллагыг хяналтандаа авч чадсан энэ бүлэглэлийг ард түмэн нэгдэж байж зогсоож чадна. Монголчууд бид нам, нутаг ус харгалзахгүй нэгдэн Монголын орд баялгийг тонон дээрэмдэж байгаа дээрх бүлэглэлийг нураах цаг болсон” хэмээв.

"Шударга ёс тогтоохын төлөө би МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэнэ"

Жагсаалын үеэр “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд мөн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр, “1990 ондардчилсан хөдөлгөөнд жагсахад би 18 настай байв. Ардчилсан хувьсгал гарч, сайн сайхан цаг ирээсэй гэж хүсэж байлаа. Гэвч бидний хүссэн ардчилал ирсэнгүй. Тиймээс байгалийн баялгийг ард түмэн тэгш хүртэж, шударга ёс тогтоохын төлөө би МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэнэ” гэв.

УИХ-ын даргыг огцрох хүртэл тэмцлийн хурц хэлбэрт шилжин, төв талбайд гэр барьж суулт зарлахаа мэдүүлсэн 250 гаруй хүн байгаа бөгөөд үүнд нэр бүхий таван гишүүн нэгдсэн талаар УИХ-ын гишүүн Л.Болд хэлэв.

 

"1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хоёрдахь томоохон жагсаал" 

Өмнө нь буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд  болсон жагсаалд 30 гаруй мянган хүн цугласан нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хоёрдахь томоохон жагсаал болсныг гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн. Харин өнөөдрийн жагсаалд түүнээс хоёр дахин их хүн цугласныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан онцолсон.

Тэрбээр "Монголчууд төв талбайдаа зүү орох зайгүй нэгджээ. 1990 оноос хойш бид хоёрдахь хувьсгалыг эхлүүллээ. МАНАН бүлэглэлийн толгойлогч хэмээн тодорхойлсон М.Энхболдыг огцрохыг шаардаж байна.  Ард түмэн байгалийн баялаг, эх орныхоо эзэн болохоо харуулж төв талбайг дүүртэл цуглалаа. УИХ-ын Тамгын газрын дарга Цолмонтой бид холбогдож, М.Энхболдтой жагсагчдын төлөөлөл нэн даруй уулзахыг шаардсан. Тэрбээр зөвхөн УИХ-ын гишүүдтэй уулзахыг хариу мэдэгдсэн. Ард түмэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэйгээ огцрох өргөдлийг нь аваад гарч ирэх болно” гэв.

Үүний дараа УИХ-ын таван гишүүн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл М.Энхболдтой уулзахаар Төрийн ордон руу орсон юм.

 

Харин жагсагчид УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх хүртэл төв талбайгаас явахгүй гэдгээ илэрхийлж байлаа. Энэ үеэр жагсаалд оролцож буй иргэдийн байр суурь, үзэл бодлыг сонслоо.

"Одоогийн УИХ-ыг бүрэн огцруулах шаардлагатай"

"Гонгоржавын Бошигт" сангийн тэргүүн Б.Цэрэндорж, “1990 оны 4 дүгээр сарын 4-нд Г.Бошгот, н.Нэргүй нарыг Монголын Ардчилсан холбооноос хөөсөн. Энэ цагаас л МАНАН үүссэн. Тухайн үеийн эдийн засагч, эрдэмтэд зах зээлийн эдийн засагт зөв шилжиж чадахгүй бол, 30 жилийн дараа улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж хэлсэн байдаг. Тухайлбал, тухайн үеийн МАХН-ын улс төрийн эрхийг хязгаарлан, зөвхөн ардчилал тигээс эхэлж урагшаа явах нь зүйтэй. Хуучин намын үлдэгдэлтэй зууралдвал эх орны ирээдүй бүрхэг болно хэмээн Г.Бошгот гуай тэмдэглэн үлдээсэн. Энэ МАНАН гэдэг ерөнхийдөө хоёр намаас нийлсэн бүлэглэл. Тиймээс энд ганцхан М.Энхболд гэдэг хүний асуудал биш, одоогийн УИХ-ыг бүрэн огцруулах шаардлагатай ” гэв.

 

"Сонгуулийн араас дахин хүүхдийн мөнгө олгоогүй"

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Сүнжидмаа "Би өнөөдөр зээ охиныхоо хадгаламжийн дэвтрийг аваад ирсэн. Хүүхдийн мөнгийг 2016 оны нэгдүгээр сараас өгөхөө больсон ч тухайн оны тавдугаар сард буюу сонгуулийн өмнөхөн өгч эхэлсэн. Мөн л сонгуулийн араас дахин хүүхдийн мөнгө олгоогүй. Улмаар 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ганцхан сар олгосон нь энэ дэвтэрт баримттай байгаа. Үүнээс гадна 2017 оны 5 дугаар сараас эхлээд хүүхдийн мөнгөнөөс татвар авдаг болсон. Энэ МАНАН бүлэглэл хүүхдийн ирээдүйг улс төрийнхөө “шоу” болгож байгаад харамсаж байна. Түүнчлэн өнөөдөр оффшор данстай улс төрчдийн хөрөнгийг татах асуудлыг ярих ёстой. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Гэвч МАНАН арилаагүй цагт хууль, шүүхийн байгууллага шударга ажиллахгүй” гэлээ. 

Иргэдийн тайван жагсаалд нийтийн хэв журам сахиулах, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр НЦГ-ын алба хаагчид ажиллав. Цагдаа нар жагсаалыг тойрон хамгаалалтанд авч, иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, халуун, хүйтэн зэвсэгтэй байгаа эсэхийг шалган талбай руу нэвтрүүлж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.69)