Сайжруулсан түлшний үнсийг ангилж тээвэрлэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр үнсийг дахин боловсруулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Үнсийг хэрхэн боловсруулж, юунд ашиглах вэ?
-Нийслэлийн 202 мянга гаруй айл өрх үнс гаргадаг. Эхний байдлаар барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, хашлага, эко хавтан хийж туршсан. Мөн нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийж, ногоон байгууламж байгуулах ажлыг туршсан. Туршилт хийхээс гадна сайжруулсан түлшнээс гарсан үнсийг Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лаболраториудад өгч шинжлүүлж байна. Уг шинжилгээгээр үнсний физик, химийн үзүүлэлт, цацрагийн хэмжээ тодорхойлогдох юм.
-Үнсийг ангилах төслийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-Сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэрэгжүүлэхээр дэмжлээ. Төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дүүргээс 1-2 хороо сонгон авч тухайн хорооны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгаж, тээвэрлэнэ. Үнсийг задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм. Ингэснээр агаарын бохирдол, PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулж нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах үр өгөөжтэй төсөл гэж үзэж байгаа.
С.Уянгa
Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин