СХЗГ, БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллахаар болов
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн(KRISS)-гийн ерөнхийлөгч Санг Руял Пак нар хоёр талын хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.
Хоёр байгууллага 1997 оноос Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа юм. Харин энэ удаад хамтын ажиллагааг 2024 он хүртэл үргэлжлүүлэн хөгжүүлж, хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулжээ.
KRISS нь манай улсын Стандарт, хэмжил зүйн газарт Монгол Улсын эталоныг бий болгох, түүний нэгж дамжуулалтыг хангах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, ялангуяа хэмжил зүйн боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэн чадавхижуулах чиглэлд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм. Шинэчилсэн санамж бичгийн хүрээнд, хоёр тал эталоны чиглэлээр хамтарсан судалгаа, сургалт семинар явуулах, мэргэжилтэн судлаачид солилцох, эталоны лаборатори хоорондын харьцуулалт хийх, техникийн мэдээлэл, нийтлэл солилцох зэргээр хамтарч ажиллана. Ингэснээр СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн шинжлэх ухаан, техникийн чадавхийг бэхжүүлж, олон улсын жишигт дөхүүлэх боломж бүрдэх юм.