ААН илгээгээгүй баримтыг яаралтай засварлаарай

Бүтэн жилийн хугацаанд бүртгүүлсэн и-баримтын буцаан олголтоо авахад хэдхэн сар үлдээд байна. Тиймээс энэ талаар Гааль, татвар, санхүү, технологи, мэдээллийн төв" улсын үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа.


Хэдхэн сарын дараа НӨАТ-ын буцаан олголтоо авах гэж байна. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулаагүйгээс НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Тиймээс иргэдийн зүгээс анхаарах зүйл юу байна вэ?

-Өнгөрөгч 2018 онд 15464 иргэний хувийн мэдээлэл дутуугаас НӨАТ-ын урамшуулал нь Төрийн сан руу буцаагдсан. Энэ оны эцсийн байдлаар 13090 иргэний хувийн мэдээлэл дутуу, алдаатай байна. Манай байгууллагын зүгээс эдгээр иргэдэд хувийн мэдээллээ засварлах мэдэгдлийг и-баримт гар утасны аппликейшн  болон портал сайтаар дамжуулан илгээсэн. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан тохиолдолд таны 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд олгогдох юм.

Дашрамд хэлэхэд, бүртгэлийн нууц дугаараа мартсан тохиолдолд 131313 гэсэн тусгай дугаарт (асуултын тэмдэг) илгээж, нууц дугаараа сэргээх боломжтой. Мөн www.ebarimt.mn цахим хуудасны хувь хүн хэсгээс нууц үг сэргээх сонголтыг хийх боломжтой.

-Зарим иргэд давхар бүртгэлтэй байдаг. Энэ тохиолдолд заавал бүртгэлээ нэгтгэх шаардлагатай байдаг бил үү?

-Тийм. Давхардсан бүртгэлээ нэгтгээгүй тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт иргэн таны дансанд орохгүй гэдгийг анхааруулъя. Зарим иргэд регистрийн дугаараараа НӨАТ-ын урамшууллын системд давхар бүртгэл үүсгэсэн байдаг. Эдгээр хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 25-н гэхэд хувийн мэдээллээ нэгтгэх шаардлагатай. Зарим нь хоёр, гурван ч бүртгэлтэй байна. Ер нь татварын албанаас нэг иргэний регистрийн дугаар дээр нэг л бүртгэл байх зарчмыг баримталдаг. Тиймээс иргэдэд бас мэдэгдлийг хүргүүлсэн.

Давхар бүртгэлтэй иргэдэд зориулан и-баримт портал сайтад “давхар бүртгэл нэгтэх” гэсэн цэсийг нэмж байршуулсан. Уг цэс рүү нэвтэрч давхар бүртгэлээ нэгтгэх боломжтой. Мөн butsaalt.ebarimt.mn сайтад давхар бүртгэлээ нэгтгэх зааварчилгааг байршуулсан байгаа.

-Бас “ААН илгээгээгүй” төлөвтэй баримтууд олноор үүсчихсэн байдаг. Эдгээр баримтуудаа НӨАТ-ын буцаан олголтоо авахаас өмнө засварлаж болох уу?

-“ААН илгээгээгүй” төлөв хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг. Жишээлбэл, иргэн та и-баримтын сугалааныхаа дугаарыг буруу бүртгүүлбэл энэ төлөв рүү орчихдог. Тэр тохиолдолд баримтаа устгаад, сугалааныхаа дугаарыг үнэн зөвөөр бүртгүүлбэл засварлагдана. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 72 цагийн дотор борлуулалтынхаа мэдээллийг НӨАТ-ын урамшууллын системд мэдээлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ 72 цаг хэтэрчихвэл иргэд 1800-1288 тусгай дугаарт гомдол гаргах боломжтой. Гомдлын дагуу харьяа дүүргийн татварын хэлтсээс баримт олгосон аж ахуй нэгж дээр очиж татвар төлөгчийн баримт “ААН илгээгээгүй” байгаа шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг.

-Тэгвэл иргэд “Үнийн дүн зөрүүтэй” төлөвтэй баримтуудаа хэрхэн засварлах вэ?

-Энэ тохиолдолд иргэд өөрсдөө и-баримт сугалааныхаа үнийн дүнг бүртгүүлэхдээ буруу биччихдэг. Тэгэхээр НӨАТ-ын урамшууллын системд иргэний илгээсэн үнийн дүн, аж ахуй нэгжийн илгээсэн үнийн дүн нь таарахгүй байна гэсэн үг. Тэгсэн тохиолдолд дахин давтагдашгүй 33 оронтой тоог талбар хэсэгт оруулж, баталгаажуулснаар засварлагдана. Үнийн дүн зөрүүтэй баримтыг устгах шаардлагагүй.

-Ер нь и-баримтын сугалааны энэ оны бүртгэл дуусах эцсийн хугацаа хэзээ вэ?

-Иргэд ирэх нэгдүгээр сарын 8-ны 23.59 минутаас өмнө и-баримтын сугалааныхаа дугаарыг бүртгүүлж, засварласан байх шаардлагатай. Тухайн баримт нь баталгаажсан байх шаардлагатай. Эцсийн хугацаанаас хойш и-баримтаа бүртгүүлбэл НӨАТ-ын урамшуулал орохгүйг анхааруулж байна.

Татварын ерөнхий газраас сар бүрийн и-баримтын сугалааны тохирлыг зохион байгуулах хуваарийг баталдаг. Одоохондоо манай байгууллагад батлагдсан хуваарь нь ирээгүй байна. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгохоор болсон. Уг хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тэгэхээр иргэд 2020 оны НӨАТ-ын урамшууллаа улирал тутам авах юм.

–Иргэдийн зүгээс и-баримттай холбоотой ихэвчлэн ямар гомдлыг ирүүлж байна вэ?

-Манай байгууллагад хандаж байгаа иргэдийн дийлэнх нь “Худалдаа эрхлэгчид и-баримт өгөхгүй байна”, “Хямдарсан бараанд баримт олгохгүй байна” гэдэг гомдол саналыг тавьдаг. Хуулийн дагуу хямдарсан бараа худалдан авсан бол и-баримт олгох ёстой. Мөн иргэд и-баримтаа бүртгүүлчихээд байхад “ААН илгээгээгүй” төлөв рүү шилжиж байна гэдэг.

-Энэ онд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор хэчнээн супер азтан тодров?

-Нийт таван супер азтан тодорсон. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны тохирлоор 225 сая төгрөгийн азтан, тавдугаар сарын 19-нд хоёр супер азтан тодорч, 40 саяар нь хувааж авсан. Мөн зургадугаар сарын 16-нд 50 саятан тодорсон бол арваннэгдүгээр сарын 17-нд 90 саятан нэг тодроод байна.

Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал, азтан болсон иргэдийн тоо нэмэгдсэн байгаа. Учир нь хэвлэгдсэн баримтын тоо өсч байгаа. Үүнийг дагаад баримтын баталгаажуулалтын хувь нэмэгдэж байна. Нийт баталгаажсан баримтуудын дунд сугалааны тохирлыг явуулдаг бөгөөд 1000 баримтаас нэг сугалааны азтан тодордог жишигтэй. Азтаны тоо багассан үзүүлэлт байхгүй. Бид супер азтанаар тодорсон иргэнд шууд нэвтрүүлэгт оролцох саналыг тавьдаг. Тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас иргэд зөвшөөрөөгүй тохиолдолд мэдээлэх боломжгүй. Бидний хүсэлтийг хүлээн авсан 225 сая төгрөгийн супер азтан шууд нэвтрүүлэгт оролцсон байгаа.

-Зах болон томоохон худалдааны төвүүдэд пос машин ашигладаг ч и-баримт олгодоггүй. Хэзээнээс иргэд и-баримт авч үйлчлүүлдэг болох вэ?

Жишээлбэл, Мишээл худалдааны төвийн худалдаа эрхлэгчид иргэдэд пос машин ашиглан и-баримт хэвлэн өгч байгаа. Харин Хархорин, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдэд зарим худалдаа эрхлэгчид бас пос машин ашиглан л и-баримт олгож байна.

Манай улсын үйлдвэрийн газраас томоохон худалдааны төвд жижиг лангуу түрээслэгчдэд зориулсан  хялбар шийдлийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Лангуу түрээслэгчид илүү зардал гаргаж, пос машин худалдан авахгүйгээр и-баримт аппликейшн ашиглан баримтынхаа мэдээллийг илгээх боломжийг нь бүрдүүлэх юм. Ингэхийн тулд ухаалаг утастай байх шаардлагтай. Худалдаа эрхлэгчид өөрийн бүртгэлтэй и-баримт дээрээ борлуулалтаа шивж, хэрэглэгч QR кодыг нь уншуулаад л и-баримтаа бүртгүүлэх боломжтой болно гэсэн үг л дээ.

А.Сүрэн

Эx сурвaлж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.120.59)