СХЗГ-ын дарга Г.Гантөмөр: Миний нэр төрийг шүүх сэргээж тогтоосон
Г.БИЛЭГ
Стандарт хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай байгууллага болон таны нэр хүндэд халдсан мэдээлэл багагүй хугацаанд олон нийтийн сүлжээгээр тарлаа. Гэмт хэрэг нуун дарагдуулсан, албаны ном борлуулсны орлогыг хувьдаа завшсан, хууль зөрчиж томилгоо хийсэн гэх мэт асуудлууд хөвөрсөөр байх юм. Энэ мэдээллүүд ямар учиртай юм бэ. Та ямар тайлбар хийх вэ?
-Юуны өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа Стандарт, хэмжил зүйн газартай холбоотой мэдээллийг хэн тараасныг хэлэх нь чухал байх гэж бодож байна. Манай агентлагт Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байгаад Төрийн албаны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн Б.Ариунааг байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажлаас нь халсан юм. Тэр эмэгтэй халагдсан даруйдаа баримт нотолгоогүй мэдээллийг тарааж байгаа нь тогтоогдсон бөгөөд эдгээр яригдаад байгаа бүх асуудлыг шүүх, цагдаа, прокурор, АТГ, Төрийн албаны зөвлөл гээд хууль хяналтын байгууллага шалгаад үндэслэлгүй байна, ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлтүүд нь гарсан байгаа. Гэхдээ нэгэнт та надаас асуусан болохоор асуудал болгон дээр товч хариулъя. Нэгдүгээрт, гэмт хэргийг нуун дарагдуулсан гэж гүтгэсэн нь ямар учиртай вэ гэхээр 2015 онд Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийдэг улсын шалгагчдын баталгаажуулалт хийж олгосон гэрчилгээ /үнэт цаас/, түүний гүйцэтгэл, тайланд хяналт, шалгалт явуулж зарим зөрчлийг илрүүлж арилгах арга хэмжээ авсан юм. Шалгалтын явцад үнэт цаасны зөрчил гаргасан албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийг баримтлан Агентлагийн даргын 2015 оны Б/67 тоот тушаалаар Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан юм. Шалгалтыг Б.Ариунаа өөрөө гардан хийж шийдвэр гаргуулсан шүү дээ.
Гэтэл ажлаас халагдангуутаа аль гурван жилийн өмнө шийдэгдсэн асуудлыг гэмт хэрэг мэтээр захиалгаар бичүүлээд олон нийтэд түгээж байгаа нь өөр зорилготойг харуулаад байгаа юм. Манай байгууллага Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүсэлт гаргаж шалгуулсан. Шалгалтаар энэ асуудал гэмт хэргийн шинжгүй гэсэн хариу өгсөн.
Хоёрдугаарт, албаны стандарт борлуулсны орлогыг хувьдаа завшсан гэж гүтгээд байгаа юм. “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” гэсэн хоёр стандартыг 2016 онд хэвлүүлэх болсон. Учир нь Засгийн газрын тогтоолын дагуу Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын үнэлгээний ажлыг хэрэгжүүлэхдээ Олон улсын Стандартчиллын байгууллага (ISO)-аас шинэчлэн баталсан энэхүү хоёр стандартыг Монголын тохирлын үнэлгээний байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд мэдээлэх, соён гэгээрүүлэх, олон улсын үнэлгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуулийн дагуу хэвлүүлсэн. Мэдээж, мөнгө зарцуулсан юм.
Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хувьд ашигласан зүйлгүй болохыг нотолсон. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны гуравдугаар сарын 26-ны 65 дугаар тогтоолоор дүгнэлт гаргасан. Энэхүү олон улсын үнэлгээний бэлтгэл ажил хангагдсаны үр дүнд манай улс РАС-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэж чадсан юм. Ингэснээр манай улсын олон мянган бизнес эрхлэгч гадаад зах зээлд өрсөлдөх нэр хүндийг өсгөх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үүд хаалгыг нээсэн юм.
-Хууль бус томилгооны тухайд...?
-Д.Дамбасүрэнг хууль бусаар ажилд томилогдсон гэж гүтгэсэн. Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга З.Ганболд 2017 оны хоёрдугаар сард тэтгэвэрт гарсан. Тиймээс ажлын байрны сул орон тоог нөхөж таарна. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 2017 оны аравдугаар сард сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан.
Тус зөвлөлийн 2017 оны арванхоёрдугаар сарын 14-ний 182 дугаар тогтоолоор Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын албан тушаалд СХЗГ-т 18 жил ажилласан Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Дамбасүрэнг даргаар ажиллуулах дүгнэлт ирүүлснийг үндэслэн томилгоо хийсэн. Б.Ариунаа ТАЗ-д гомдол гаргасан байдаг. Тус зөвлөлөөс сонгон шалгаруулалт хуулийн дагуу болсон гэсэн хариу өгсөн юм билээ.
-Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн ажилтанд арга хэмжээ авахдаа хууль зөрчсөн гэж таныг буруутгаад байна. Ажилтантай хариуцлага тооцохдоо алдаа гаргав уу?
-Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунааг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг, удирдан манлайлах чадваргүй гэх үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оын арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн Б/119 тоот тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан юм.
Шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй болохыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны аравдугаар сарын 15-ны шийдвэрээр тогтоосон. Мөн уг шийдвэрт Стандарт, хэмжил зүйн газрын Ёс зүйн хорооны дүгнэлт нь хууль журамтай нийцсэн болохыг тогтоосон байгаа юм.
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан таныг буруутгасан мэдээлэл цацагдаад байгаа?
-Г.Баасан надтай уулзаагүй, манай байгууллагын ажилтай танилцсан зүйл байхгүй. Би тэр мэдээллийг Г.Баасангийн нэр барьсан хуурамч мэдээлэл гэж бодож байгаа. Хүнийг сургаар буруутгаж, гэмт хэрэгтэн болгож болохгүй биз дээ. Буруутай гэдгийг шүүх л тогтооно.Тэгээд ч Г.Баасан даргыг хуульч мэргэжилтэй гэж сонссон юм байна.
-Та ер нь цахим ертөнцөд хуурамч мэдээлэлд (fake news) хэлмэгдсэн хүн бололтой. Цаашид fake news-тэй төр, засгийн төвшинд яаж тэмцвэл зохистой гэж бодож байна вэ?
-Манай улсад энэ талын хууль эрх зүйн орчин сул, зохицуулалт байхгүй юм билээ. Гадны бусад оронд бол иргэн хүн ч, хэвлэл мэдээллийн байгууллага ч бүгд албан ёсны бүртгэлтэй, хаягтай түүгээрээ нийгэмд мэдээлэл түгээх эрхтэй. Өөрөөр хэлбэл, бичиж болно, мэдээлж болно, гол нь мөшгих бүрэн боломжийг нь бүрдүүлсэн байдаг юм байна. Манайд бол замбараа алга. Дандаа хуурамч хаяг нээгээд бие биенээ “балбах” хэрэгсэл болгочихсон.
Энэ нь мэдээллийн үнэ цэнийг бууруулах ялангуяа, чадалтай сэтгүүлч, шударга иргэдийн үзэл бодол, санааг үнэгүйдүүлэх аюултай юм. Магадгүй, үнэн мэдээллийг энэ ч худлаа л биз дээ гэж бодох сөрөг талтай. Цахим ертөнцийн ийм замбараагүй байдалд цэг тавихгүй бол Африк, Арабын орнуудын жишгээс үзэхэд үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Манай УИХ-ын эрхэм гишүүд эрх биш анхаарал хандуулж байгаа болов уу гэж найдъя.
-Таныг элдвээр л гүтгэх юм. Та ч их тэвчээртэй хүн юм. Сүүлийн үед 60 тэрбумтай холбоотой ч гэх шиг бичив. Та юу хэлэх вэ?
-Цахим ертөнцөөр цацаж байгаа нэр хаягаа нуусан хуурамч пейж хуудсаар ийм гүтгэлэг тараасан байна. Нэр, хаяггүй хуурамч мэдээлэлд няцаалт өгөх шаардлагагүй гэж бодож байна. Товчхондоо энэ бол ор үндэсгүй гүтгэлэг.
-Та аль нутгийн хүн бэ. Таныг яагаад хужаа гээд бичээд байгаа юм бэ.Үүнд тайлбар хэлэх үү?
-Өмнө нь би хэлсэн дээ. Шуурхай жиргээ, Шуурхай мэдээний түүвэр, Шуурхай зөвлөл, Авлигачдыг илчилнэ, Ганаа, Болд Ган гэсэн олон хуурамч хаягаар намайг гүтгэж байгаа. Тагнуул, цагдаагийн байгууллага шалгаад хуурамч гэдгийг нь тогтоосон. Одоо эздийг нь тодруулж удахгүй мэдээлэх байх.
Орчин үед улс төрийн болон төрийн албанд ажиллаж байгаа хүнийг муухай харагдуулах нэг хэлбэр нь хятад гаралтай болгох мода гарчээ. Хэн дургүйг нь хүргэнэ, түүнийг хужаа гээд шуугичих юм байна. Миний уугуул гарал Өвөрхангай, төрсөн газар Төв аймаг юм. Суугуул нутаг маань Улаанбаатар. Боржигон овгийн халх хүн дээ.
-Та албаны болон хувь хүний нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандав уу?
-Өнгөрсөн долоо хоногт манай байгууллагатай холбоотой бас нэг шүүх хурал боллоо. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгууллагынхаа болон өөрийн нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан хэлэлцээд “Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна” хэмээн тогтоосон.
Шүүхийн шийдвэрийн дагуу “Монгол Ньюс” компанид хуурамч мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаалт хийж уучлалт гуйхыг даалгасан. Иймд иргэд, олон нийт аливаа мэдээлэлд цензуртай хандаж, ташаа мэдээлэлд туйлшрахгүй байгаасай гэж хүсэж байна.
Энэ бол зөвхөн Г.Гантөмөр гэдэг хүний нэр төрийн асуудал биш Стандарт, хэмжил зүйн байгууллагад ажил, амьдралаа холбосон ахмадууд, одоо ажиллаж буй ажилтан, албан хаагчдын нэр хүндэд халдаж буй хэрэг юм. Тиймдээ ч Стандарт, хэмжил зүйн газар “Fake news” буюу “Хуурамч мэдээлэл”-тэй холбогдон гарч буй сөрөг үр дагаврын эсрэг зогсож буй “Цахим орчинг зөв болгоё” хэмээх уриалгад нэгдэж байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргаад байна.
-Tac.mn сайтын сэтгүүлч А.Баярмаатай та өмнө нь уулзаж байв уу?
-Би тэр А.Баярмаа гэдэг сэтгүүлчтэй нэг ч уулзаж байгаагүй. Миний охины нэртэй адил болоод ч тэр үү надад сөрөг бодол төрдөггүй. Залуу сэтгүүлчид алдаж онох зүйл байдаг л байх. Би хувьдаа сэтгүүлч хүн гэдэг цахим ертөнцийн жиргээчдээс “толгой” илүү нарийн нягт нямбай, мэдээллийн тэнцвэртэй байдал, баримт нотолгоотой эсэх гээд бүх зүйлийг нягталдаг байх ёстой гэж боддог.
А.Баярмаа сэтгүүлч зөвхөн Б.Ариунаа гэдэг хүний нэг талын мэдээллээр яваа юм билээ. Уг нь мэдээллийг хоёр талаас нь харах ёстой баймаар. Шүүх хурал дээр өмгөөлөгч нь dorgio.mn сайтад ирсэн бүх мэдээлэл Б.Ариунаа өгсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Сэтгүүл зүйн зарчмаас хазайсан хүн юм байна л гэж бодож байгаа. Бид хоёрт уулзах, учраа ярих өдөр ирэх байх.
Цаг хугацаа бүгдийг нэг цэгт тавих байлгүй дээ. Ер нь бол уучлалт гуйна гэдэг агуу юм шүү дээ. Одоогийн байдлаар манай байгууллагын талаар буруу ташаа гүтгэлгийн материал нийтэлснийхээ төлөө news.mn, zaluu.com, olloo.mn, time.mn, Өдрийн сонины dnn.mn гэсэн сонин, сайт уучлал гуйж залруулга хийсэн байгаа. Удахгүй dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа уучлалт гуйх байх гэж бодож байна. Бидний хувьд сэтгүүлчидтэй сөргөлдөх ямар ч зорилго байхгүй ээ.