Гэр бүлийг нь аварсан цагдаад талархал илэрхийлжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа нэг гэр бүлийн гурван хүн аварчээ.

Энэ сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд түүний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын гуравдугаар багийн Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага иржээ. Н.Сайнзаяа дуудлагын дагуу очиход дөрвөн айлын сууц шатаж байжээ. Тэрээр эхлээд тэнд байсан хүмүүсээс байшин дотор хүмүүс байгаа талаар мэдээлэл авсан байна.

Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байжээ. Н.Сайнзаяа цонхыг хагалж дотогш нэвтрэхэд гэрийн эзэд угаартсан байдалтай, ухаангүй байсан аж. Ингээд гэрийн эзэгтэй, гэрийн эзэн, цаад өрөөнд байсан хоёр ой 5 сартай охиныг гаргасан байна.

Гэрийн эзэн, охины биеийн байдал хэвийн ч гэрийн эзэгтэй эмнэлэгт хэвтжээ.  

Маш хүчтэй асаж байсан гал руу амиа хайрлалгүй явж орон, гэр бүлийг нь аварсан тул Н.Сайнзаяад Н.Мягмаржалбуу гэр бүлийнхээ өмнөөс талархал илгээсэн байна. Учир нь Н.Сайнзаяа тэднийг гаргасны дараа ухаан алдсан аж. Хэрэв тэрээр байшин дотор ухаан алдсан бол өөрийнх нь ч амь нам эрстэх аюултай юм.    

и

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.123)