СЭЗИС-ийн баг “Хаан титэм”-ийн эзэн болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн боулингийн отгон тэмцээний хамгийн сүүлийнх болох “King of bowling” тэмцээн “Big bowling” төвд /2019.12.21-22/ амжилттай болж Санхүү эдийн засгийн их сургуулийн баг тэргүүлэв.

Боулингийн хааны титмийг энэ удаа СЭЗИС-ийн Д.Амьбөх ахлагчтай Б.Пүрэвдорж, Б.Бат-Амгалан нар хүртлээ. Монголын боулинг сонирхогчдын холбоо МБСХ-ноос зохион байгуулдаг уг тэмцээнд 16 баг оролцсон бөгөөд эхний шатанд бүх багууд 4 тоглолт гүйцэтгээд авсан онооныхоо эрэмбээр 1-ээр гарсан нь 16-гаар шалгарсан багтай халз тоглох зарчмаар аварга тодорлоо. Тус тэмцээний хоёрдугаар байранд “Winners” клубын эмэгтэйчүүдийн баг болох Э.Хунтогос, Ч.Золжаргал, Б.Тамир нар оров. Харин гуравдугаар байранд Д.Нацагдорж, Г.Ууганболд, Б.Мягмарцэнд нарын баг шалгарсан юм.

Тэмцээний өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Strikes” клубын А.Батжаргал (248 оноо), эмэгтэйчүүдээс мөн клубийн Ш.Гэрлээ (206 оноо), “Winners” клубийн Б.Мягмарцэнд (206 оноо) нар оноо тэнцэн шилдэг тамирчид боллоо.

“King of bowling”-д оролцсон эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс тус бүр 15 оноо нэмж өгсөн бөгөөд тэмцээний аваргын төлөө тоглолт ердөө 1 онооны зөрүүгээр шийдэгдсэн. Энэ мэтчилэн олон тоглолтын дүн тун бага онооны зөрүүтэй болсон нь өрсөлдөөн өндөр байгааг харуулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)